“ФИБА 3х3 Азийн Цом 2017” Улаанбаатар хотод болно
2017-07-26

 

Сагсан бөмбөгийн “3х3 буюу гурвын эсрэг гурав” гудамжны төрлийн Азийн Цом 2017 тэмцээн энэ оны 10 дугаар сарын 27-29нд Улаанбаатар хотод болохоор болсон байна.

 

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо ажиллах юм. Энэхүү тэмцээн нь зэрэглэлийн хувьд Азидаа хоёрдугаарт орох том хэмжээний тэмцээн ажээ. Уг тэмцээний хамгийн эхнийх нь 2013 оны 5 сарын 15,16нд Катарын нийслэл Доха хотноо зохиогдож байсан байна. Харин Улаанбаатар хот анх удаагаа ФИБА-ын албан ёсны тэмцээнийг зохиох эрх авсан нь энэ юм.

 

Энэ талаар Монголын 3х3 Сагсанбөмбөгийн Холбооны тэргүүн, Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүн Л. Мягмаржав “ФИБА 3х3 Азийн Цом 2017 тэмцээнийг Монголд зохиох болсноо нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Монгол бол сагсанбөмбөгийн орон. Сүүлийн арван жилийн хугацаанд 3х3 сагсан бөмбөг хүүхэд залуусын дунд хурдацтай хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд Монголын баг тамирчид Олон Улсын тэмцээнүүдэд өндөр амжилт гаргах болсон нь уг спортын хувьд үсрэнгүй хөгжил, тэсрэлт байлаа. Энэхүү тэмцээнийг зохиосноор Монгол Улсын баг тамирчид Азийн шилдгүүдийн нэг болоход томоохон алхам, цаашид хөгжих жим тавигдана гэж найдаж байна” хэмээсэн байна.

 

Улаанбаатарын шигшээ баг нь 3х3-ын албан ёсны тэмцээнүүдийн нэг болох ФИБА 3х3 түр мэргэжлийн тэмцээнд оролцох анхны Монголын баг болсон юм. Манай баг долоон сарын 29-30нд зохиогдох Үцүномия Мастерс тэмцээнд оролцохоор болоод байгаа юм.

 

Азийн цом тэмцээний түүхэнд өмнө нь 2013 онд Монгол улсаа төлөөлөн оролцсон эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.

 

Тэгвэл уг тэмцээнийг Монголд зохиох болсон талаар ФИБА-ын Азийн гүйцэтгэх захирал Хагоп Хажириан “ФИБА 3х3 Азийн цом тэмцээнийг Монголд зохиох гэж байгаадаа сэтгэл хангалуун байна. Өөрийн бүс нутагтаа шилдэг багуудын нэг болох Монголын тамирчдын хувьд 2020 оны Токиогийн Олимпод 3х3 төрлөөр өөрсдийгөө бэлдэхэд сайхан боломж бүрдлээ гэж бодож байна” гэсэн байна.

 

Уг тэмцээнийг Крокус Эвэнт Холлд явуулахаар товлоод байна. Тэмцээн эрэгтэй шилдэг 12, эмэгтэй шилдэг 12 багуудын хооронд болно.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин