Ялалтын талбайд үнэ төлбөргүй шинжилгээ хийж байна
2017-07-28

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Хепатит вирүс өвчнөөр 2017 онд 5 хүн нас баржээ

 

"Дэлхийн хепатитын өдөр"-ийг тохиолдуулан өнөдөр /2017.07.28/ 65-аас дээш настай иргэдийг В, С вирүсийн илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байна.

 

"Нас ахих тусам вирүсийн халдвар авах эрсдэл ихэсдэг. Вирүс удах тусам халдвар болдог гэдгийг мэргэжилтнүүд тайлбарладаг. Иймд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд  “Оном” сан болон ХӨСҮТ-өөс нийслэлийн 65-аас дээш насны ахмадуудыг өнөөдрөөс эхлэн В,С вирүсийн шинжилгээнд үнэгүй хамруулахаар болжээ. Элэгний төв лаборатори  дээр өнөөдөр8:30-17:00 цагийн хооронд ахмадууд  ЭМД, иргэний үнэмлэхтэйгээ ирж шинжилгээнд үнэгүй хамрагдах боломжтой аж.

 

Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран Тусгаар тогтнолын талбайд 11.00-13.00 цагийн хооронд иргэдэд дотор ЭХО, элэгний В, С вирүсийн түргэвчилсэн оношилгоо, ясны сийрэгжилт, биеийн ерөнхий үзүүлэлт, хооллолтын зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Элэгний өвчлөл Монголд: Манай улсад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл нийт өвчлөлийн хоёрдугаар байрт ордог.

 

Манай орон 100 000 хүн амд ноогдох элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа нь дэлхийн дунджаас 8 дахин их буйг илтгэдэг. Сүүлийн арван жилд  элэгний хорт хавдрын нас баралт тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд жилийн нийт нас баралтын 15 хувийг элэгний өвчлөл дангаараа эзэлж байна. Түүнчлэн 2016 онд бүртгэгдсэн элэгний хорт хавдар нийт хорт хавдрын 39.1 хувийг эзэлжээ.

 

Одоогийн байдлаар манай улсад нийт 400 мянган хүн вирүсийн халдвартай. Үүнээс

 

  • В вирүс -80.000 хүн

 

  • В, Д вирүс – 120.000 хүн

 

  • С вирүс -200.000 хүн байна.

 

Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн.

 

2017 онд 40-65 насны нийт хүмүүсийг илрүүлэг үзлэгт хамруулах ба нийт хамрагдах хүний тоо нь 545 316 хүн байгаа бөгөөд үүнээс 2017 оны 7 сарын 6-ны өдрийн байдлаар 37.9 хувь нь үзлэг шинжилгээнд хамрагдсан байна.

 

2016 оны статистик мэдээгээр улсын хэмжээнд  нийт вирүст хепатит  өвчний 566 тохиолдол илэрчээ.  Үүний 53 хувийг эрэгтэйчүүд,  47 хувийг эмэгтэйчүүд эзэлсэн байна. Харин 2017 оны эхний зургаан сарын хугацаанд 268  шинэ тохиолдол бүртгэгдэж,  сүүлийн 5 жилийн дунджаас 57.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 31 тохиолдол буюу 11.5 хувиар буурсан байна.

 

Энэ онд цочмог  халдварт хепатит вирүс өвчнөөр 5 хүн нас баржээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин