Баянхошуун дахь “Ид шидийн орон”
2017-07-29

 

“Лантуун дохио” төрийн бус байгууллагын санаачлагч Ч.Ганжавхлан 2012 онд “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийг байгуулах санаачлагыг гаргаж, хандив цуглуулж эхэлсэн байдаг. Хэдэн жилийн өмнө энэ нь мөрөөдөл төдий байсан бол  “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн талаарх мэдээлэл сошиал хуудсаар яг л ид шидийн гэмээр түргэн хугацаанд тархаж, барилгын үйл ажиллагаа нь өдөр өдрөөр ид шидтэй мэт сүндэрлэсээр байгаа. “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилгын ажилыг газар дээр нь очиж сурвалжиллаа. 

 

Сонгинохайрхан дүүргийн X хороо Баянхошууны Зүүн салааны II буудлаас зүүн тийш, уул өөд авирсаар 500 орчим метр орчмын цаана “Ид шидийн орон” сүндэрлэж байна. Одоогоор барилгын ажил 70 хувьтай явж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 1 гэхэд амжуулан ашиглалтад оруулахыг залуус эрмэлзэж буй гэнэ.

 

Сагсны талбайн хувьд талбай хэсгийг нь өнгөлөх ажил дутуу байгаа аж. Гэсэн ч тэндхийн хүүхдүүд цуглан сагс тоглосоор байлаа. Сагсны талбайн хажууд хүлэмж барьж, хүүхдүүдэд амьдрах аргаас бага ч гэсэн сургах гэнэ. Харин түүний хажууд хамгааллын байр барьж байна. Энд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг байрлуулах бөгөөд нэг дор 36 хүн байрлуулж, хамгаалах боломжтой юм байна. Улсын хэмжээнд хамгийн том хамгааллын төв нь нэг удаад 32 хүн хүлээн авах боломжтой байдаг бол энэ төв ашиглалтад орсноор Монгол Улсын хамгийн том хүүхэд хамгааллын төв болох аж. Энэ төвд хүчирхийлэлд өртсөн хүүхэд аюулгүй байдалд очтолоо байрлах бөгөөд тэр хүртэл мэргэжлийн сэтгэлзүйчид зөвлөгөө өгөхийн зэрэгцээ хүүхдийг хөгжүүлэх сургалт явуулах юм.

 

“Ид шидийн орон” хүүхэд, хамгаалал, хөгжлийн төв нь хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалаад зогсохгүй боловсрол, хөгжлийн үйл ажиллагаа явуулна. Хамгааллын төвтэй залгаад боловсрол, хөгжлийн төв барьж байв. Боловсрол хөгжлийн төвийн хувьд хүүхэд харах үйлчилгээний зориулалттай хоёр ангитай, 40-50 хүүхдийн номын сан, гал тогоо, гар урлал зэрэг амьдрах ухааны сургалт явуулах танхим зэргээс бүрдэх аж.  Энэ утгаараа улсын хэмжээнд хүүхэд хамгаалал, хөгжлийн үйл ажиллагаа явуулдаг анхны төв болох юм байна. Хөгжлийн төвд зөвхөн хүчирхийлэлд өртсөн хүүхэд бус сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхэд ч хамрагдах боломжтой. Хөгжлийн төвд 3-18 насны хүүхэд хүлээн авах ажээ. “Ид шидийн орон”-ыхон хөгжлийн төвдөө 40-50 хүүхэд хүлээн авахаар төлөвлөсөн ч Монгол Улсын хуулинд хүүхэд харах үйлчилгээнд нэг ангид 15-аас олон хүүхэд хамруулж болдоггүй аж. Өөрөөр хэлбэл, тэдэнд боломж нь байвч хууль тэдний боломжийг хязгаарлаж байна.

 

Боловсрол, хөгжлийн төвийн урд 250 ам метр хүүхдийн тоглоомын талбай бий. Уг талбайг “Оюутолгой” компанийнхан наймдугаар сарын 15-наас өмнө тохижуулж өгөх гэнэ. Талбайн голд Лантуу хүүгийн хөшөө, хүрхрээ хийх бол талбайн хажууд найман ханатай гэр барьж “Монгол ёс заншлын өргөө” байгуулах аж. “Монгол ёс заншлын өргөө”-ний тохижилт, хүртээмжийг бусад ёс заншлын өргөөнөөс хамгийн шилдэг нь байхыг зорьж байгаа аж. Сөүлийн их сургуулийн Угсаатны зүйн доктрант Отгон уг өргөөнд шаардлагатай зүйлсийг бэлдэж байгаа гэв. Мөн талбайн хажууд хүүхдүүдийг зөөх автобусанд зориулж граж барьж байлаа.

 

Хашааны хойд хэсэгтэй залгаад эрээн өнгийн банзан хашаа байх бөгөөд тэнд гурван гэр барих аж. Эдгээр гэрт багахан дэмжлэг үзүүлэхэд л амьдралаа өөрсдөө аваад явчих гурван гэр бүлийг байрлуулж, “Ид шидийн орон”-ы туслахаар ажиллуулах гэнэ.

 

Мөн боловсрол, хөгжлийн төвийн ард “Е” булан байгуулах аж. Энд явган зам хийж, хоёр талд нь мод тарих бөгөөд шөнө гэрэлтдэг байх ажээ. “Ид шидийн орон”-ы зураг төслийг 20 гаруй сая төгрөгөөр гаргах байсан бол “Arch GZ” компанийн хамт олон үнэ төлбөргүй хийж өгчээ.

 

 

Гэр хорооллын захад Хүүхэд хамгаалын төв барьж байгаа нь бусдын анхаарлыг эрхгүй татна. “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн ерөнхий эрхлэгч С.Гүлсара “Хүчирхийлэл гэр хороололд хамгийн их байдаг. Төслийн зорилго гэр хорооллын захад, хүчирхийлэл хамгийн их гардаг хэсэгт хүүхэд хамгаалал, хөгжлийн төв  барих байсан. Анх бидний сонгосон газар Чингэлтэй дүүргийн XIV хороонд байв. Тэнд талбай нь жижигдээд төлөвлөсөн зүйл маань багтаагүй тул газар авах зар тавьж энэ газрыг авсан юм. Энэ газрын үнэ 45 сая байсан ч хүүхэд хамгаалал, хөгжлийн төв барих үйлсийг маань дэмжээд эзэн нь 32 сая төгрөгөөр бидэнд газраа зарсан. Энэ мөнгийг “Лантуун дохио” төрийн бус байгууллагын залуус хандиваар босгосон. Хандивт АНУ дахь  монгол залуус асар их тус хүргэсэн. Би эх орондоо ирээд 10 орчим хонож байна. Нэг уриатай болсон. “Ид шидийн орон”-доо эмгэн буурал болтлоо ажиллана” гэв.

 

“Ид шидийн орон”-ы хамгийн анхны хандивлагч нь БНСУ-д байдаг бүжгийн хамтлагийн монгол охид аж. Тэд шинэ жилээр олон газруудад очиж бүжиглэн цугласан 500 мянган воноо 2016 оны нэгдүгээр сард Г.Гүлсарад авчирч өгсөн гэнэ. Мөн “Лантуун дохио” байгууллагын БНСУ дахь төлөөлөл Тулга нэг сая вон хандивлажээ. Эдгээр мөнгийг нэгтгэн туулай оёж зарахаар шийдэн 500 ширхэг туулай оёх материал, оёдлын машин зэргийг авчээ. 100 орчмыг нь оёсон бөгөөд үлдсэн 400 туулайг монголд авчрах аж. Түүнийг зарж, “Ид шидийн орон”-д нэмэрлэх ажээ.

 

Энэ талаар Г.Гүлсара “Намайг Солонгост ажиллаж байхад Ч.Ганжавхлан Монголд 1000 төгрөгийн түлхүүрийн оосор зарж байсан. “Ид шидийн орон” нь энэ түлхүүрний оосорны мөнгөөр мөн дэлхийд тархан суугаа монголчууд болон хичээл, ажлынхаа хажуугаар тоосго зөөж, боломжтой зүйлээ хийж өгч байгаа хүмүүсийн хичээл зүтгэлээр босч байгаа юм” гэв.

 

“Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилгын ажил дөрөвдүгээр сарын 18-нд эхэлжээ. Гурван сарын өмнө эхэлсэн энэ ажил одоо 70 орчим хувьтай байна. Энэ хугацаанд барилгын ажил нэг өдөр ч зогсоогүй аж. Бороотой өдөр барилгын гадуур хамгаалалт татаж байгаад барилгын дотоод ажил хийдэг гэнэ.

 

Сайн мэдээ дуулгахад, “Ид шидийн орон” хүүхэд, хамгаалалын төвд хандивласан мөнгө хоёр дахин үрждэг болжээ. Тодруулбал, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкнаас “Match” төсөл зарласан бөгөөд 36 орны төслөөс “Ид шидийн орон” шалгарчээ. Ингэснээр долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 22-ныг хүртэл цугласан мөнгө хоёр дахин үржигдэх юм. Хамгийн дээд хэмжээ нь 150 сая бөгөөд энэ нэг сарын хугацаанд 150 сая төгрөг цуглуулж чадвал Европын Сэргээн босголт, хөгжлийн банкнаас үржигдэх мөнгийг өгч 300 сая төгрөг болсноор “Ид шидийн орон” ирэх есдүгээр сарын 1-нд нээлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулах боломжтой юм. Өнөөдрийн  байдлаар 24 гаруй сая төгрөг цуглажээ.

 

 

“Ид шидийн орон”-г барихад 1.1 тэрбум орчим төгрөг шаардлагатай аж. Барилгын ажил одоогоор 70 орчим хувьтай байгаа бөгөөд үүнд 650 сая төгрөг зарцуулжээ. “Үрждэг” төсөлд 150 сая төгрөг цуглан 300 сая төгрөгтэй болсноор “Ид шидийн орон” ашиглалтад ороход бэлэн болох аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иогэн:
Ганжавланд баяр хvргэе! Амьдрал дээр зарим нь энэ хорвоо дээр Менх амьдрах юм шиг шунал тачьяалд автаж бусдынхаа идэх хоол эд баялагаас хулгайлж хумсалж хагартлаа баяжиж нvгэл хийж байхад нэг хэсэг нь еерийнхее идэх хоолыг ядарсан нэгтэйгээ хуваалцах сайхан сэтгэлтэй байх юм. Энэ хорвоод МУУ хvмvvcээсээ САЙН нь олон байх юм. Сайн сайн дотроос бvр илvv сайхан сэтгэлтэй хvмvvcийг бурхан бидэнд илгээх юм. Тэр сайхан сэтгэлтэй xvмvvcт эмээ нь баярлаж суудаг.
2017-07-30
bayarmaa:
Ulger jishee ajillaj bgaa zaluustaa bayarlalaa.
2017-07-30
Зочин:
Хөөрхий хамгаалал хэрэгтэй хүүхэд эмэгтэйчүүд эвий эвий.Эрэгтэй хүнд аамгаалал хэрэг болвол зайл зүгээр хахаха
2017-07-30
Иргэн:
Свйн
2017-07-29
Зочин:
Ёстой буянтай ажил байна. Та бүгдэд амжилт хүсье!
2017-07-29