ОУВС нүүрсний үнийн өсөлтийг эдийн засгийн амжилт гэж хэлж болохгүй
2017-08-03

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч  Коши Матай, Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзаж, Монгол Улсын эдийн засгийн байдал хийгээд ОУВС-гаас Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар ярилцлаа.

 

ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч  Коши Матай Монгол Улстай хийсэн хэлэлцээрийн талаар уулзалтын эхэнд товч танилцуулж, цаашид эдийн засгийн байдал тогтворжлоо гээд тайвширч болохгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-гийнхан манай суурь эдийн засагт үнэлэлт, дүгнэлт өгсөн эсэхийг лавлаж, энэ талаар ямар нэг мэдээлэл гарахгүй байгааг онцлов. Мөн нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат байгаа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, зөвхөн нэг улсад түүхий эд нийлүүлэх зэргээр аргацааж байгаа эдийн засгийн энэ суурь тогтолцоог өөрчлөх тухайд, хоёр, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадаадын үйлдвэрлэлийн технологи оруулж ирэх талаар  Монгол Улсын Засгийн газарт тэд зөвлөх ёстой байсан тухайд ч сануулав. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгааг амжилт гэж харахгүй байгаагаа ч дурдлаа. Учир нь, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохгүйгээр улс орон хөгжиж, эдийн засаг сайжирна гэж байхгүй, түүхий эдийн үнийн өсөлт бол зөвхөн түр зуурын л үзэгдэл хэмээн онцоллоо. Энэ тухайд ОУВС байр сууриа илэрхийлэх ёстой гэдгийг дахин дахин сануулав.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс хүүхдийн мөнгө өгч байгааг та бүхэн халамж гэж харж байгаа бол энэ тийм биш. Энэ бол хоёр том хөршийн дунд оршдог цөөн хүн амтай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого юм” хэмээн хэллээ. Монгол Улсын арилжааны банкууд зээлийн барьцаанд мал авч байгааг ОУВС хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дурдаад “Мал гэдэг бол монголчуудын хувьд үндсэн хөрөнгө” хэмээн санууллаа. ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа энэ удаагийн хөтөлбөрийн нийт дүн 5.5 тэрбум ам.доллар гэдэг бол Монгол Улс шиг байгалийн нөөцтэй, хүн ам нь оюуны потенциал өндөртэй оронд эдийн засгийн сууриа л зөв болгож чадвал нэг их мөнгө биш гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийллээ.

 

ОУВС-гийн төлөөлөгчдийн хувьд төсвийн орлого өсч байгаа үед бүгдийг зарцуулж дуусгах биш нөхцөл байдал муудсан үед хэрэглэхээр тооцоолон хадгалах, валютын нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарах гэх мэт зөвлөмжийг Монгол Улсад өгч байгаагаа уулзалтын үеэр дурдсан юм. Мөн ноос, ноолуур, зэс, алт, арьс шир гэх мэт цөөн тооны түүхий эд экспортолж байгаа Монголын эдийн засгийг солонгоруулах, олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртөг шингэсэн экспорт хийх гэх мэт асуудлаар уулзалтад оролцогчид санал солилцов.

 

Эх сурвалж: President.mn

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Zuragchin yamar medremjtei avaa ve? Manai Eronhiilogch tevcheer zaalaa gej...
2017-08-03