М.Түмэнбаяр таеквондогийн Гранпри тэмцээнд оролцох эрхтэй боллоо
2017-08-10

 

Монгол улсад олимпийн таеквондогийн спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, тамирчдын техник, ур чадвар богино хугацаанд өсөж байна.


Үндэсний шигшээ багийн гишүүн, “Алдар” спорт хорооны таеквондогийн тамирчин Моломын Түмэнбаяр нь саяхан болсон ДАШТ-ний шагналт 5-р байрт шалгарч, мөн БНСУ-д зохиогдсон “Korea Open” тэмцээнээс алтан медаль хүртэж тус тэмцээний шилдэг тамирчин боллоо. Ийнхүү тэрээр Дэлхийн таеквондогийн холбооны 8-р сарын Дэлхийн чансааны 54кг, 58кг жингийн тамирчдын амжилтыг нэгтгэн гаргасан Олимпийн чансааны 58кг жинд 1408 тамирчнаас 28-рт эрэмблэгдлээ. М.Түмэнбаяр нь олимпийн жиндээ шилдэг 32-т багтаж Гранпри тэмцээнд оролцох эрхээ авсан анхны Монгол тамирчин боллоо. 


Таеквондогийн спортын онцлог нь Олимпийн чансааны эхний 32-т багтсан шилдэг тамирчид л Гранпри ангиллын тэмцээнд өрсөлддөг. Олимпийн чансааны эхний 6-д эрэмблэгдсэн тамирчид Олимпийн наадамд оролцох эрхийг шууд авдаг бөгөөд бусад тамирчид тухайн тивийнхээ Олимпийн эрхийн төлөө тэмцээнд зөвхөн алт, мөнгөн медаль хүртсэнээр Олимпод оролцох эрхээ авдаг шалгуур өндөртэй спортын төрөл юм.

 

М.Түмэнбаярын гаргасан амжилтаас дурьдвал:

 

• 2013 онд Зүүн Азийн наадмаас 54кг-ийн жинд хүрэл медаль.


• 2013 онд Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 58кг-ийн жинд алтан медаль.


• 2013 онд Оюутны Азийн Аваргаас багийн тулаанаар алтан медаль.


• 2014 онд Азийн наадмын 54кг-ийн жинд хүрэл медаль.


• 2016 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 58кг-ийн жинд мөнгөн медаль.


• 2016 онд Парисын нээлттэй тэмцээнээс 58кг-ийн жинд хүрэл медаль. 


• 2017 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 58кг-ийн жинд шагналт 5-р байр.


• 2017 онд Korea open international taekwondo championships тэмцээнээс 58кг-ийн жинд алтан медаль. Шилдэг эрэгтэй тамирчин.

 

Тэрээр 9-р сарын 22-24-ний өдрүүдэд Морокко улсад зохион байгуулагдах Rabat 2017 World Taekwondo Grand Prix тэмцээнд оролцох урилгаа гардаж аваад байна. М.Түмэнбаярт болоод Монголын Таеквондогийн үндэсний шигшээ багийн нийт тамирчиддаа амжилт хүсье.

 

Shuud.mn
Сонин хачин