Хаданд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2017-08-15

 

ОУХМ Д. Чадраабалын нэрэмжит 2017 оны хаданд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27,28-нд болно. Уулын спортын нэг төрөл болох байгалийн хаданд авиралтыг олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх зорилготой уг тэмцээн нь Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах “Дугана хад” жуулчны баазад болохоор товлогдсон байна. Уг тэмцээний ач холбогдол нь олон улсад өрсөлдөх Монголын залуу үеийг нээн илрүүлэх, сонгон шалгаруулах бөгөөд тэмцээний үеэр чансаа тогтоох, чансаа тодорхойлох оноо олгох юм байна.

 

Уг тэмцээний бүртгэл 08 сарын 23-ы оройн 18:00 цаг хүртэл явагдах ба мэдүүлгийг info@mountain.mn хаягаар хүлээн авна. Тэмцээнд оролцох эрхийн мандат холбооны гишүүн байгууллагын тамирчдад 35000 төгрөг байх бол бусад тамирчдад 50000 төгрөг гэнэ.

 

Мөн тэмцээн хурд, техник гэсэн хоёр төрлөөр явагдана. Насны ангилалыг задалбал:

 

Хурдны төрөлд:

1. Өсвөр нас буюу 8-13 нас /2004-2009 онд төрсөн хүүхдүүд/

2. Залуучууд буюу 14-19 нас /1998-2003/

3. Насанд хүрэгчид буюу 20-35 нас /1982-1997/

4. Ахмад нас буюу 36-аас дээш нас /1982-оос өмнө/

 

Техникийн төрөлд:

 

1. Залуучууд буюу 14-19 нас /1998-2003/

2. Насанд хүрэгчид буюу 20-35 нас /1982-1997/

3. Ахмад нас буюу 36-аас дээш нас /1982-аас өмнө/

 

Мөн тэмцээний үеэр багийн дүнгээр байр эзлүүлэн урамшуулах бөгөөд үүний тулд баг тус бүр өсвөр нас, залуучууд, насанд хүрэгчид гэсэн насны ангилалд эрэгтэй эмэгтэй нэг нэг нийт 6 тамирчнаас бүрдсэн байх ёстой юм байна. Бие даан оролцож байгаа тамирчид багийн дүнгээр байр эзлүүлэхэд орохгүй.

 

Тэмцээнд оролцох багууд 08 сарын 20-аас эхлэн байршсан бэлтгэлд гарч болох гэнэ. Энэ тал дээр зохион байгуулагчид туслах бөгөөд тэдний заасан газарт отог барьж тэмцээний бэлтгэлээ базааж болно гэж албаны хүн мэдэгдэв.

 

Б. Энх- Амгалан

Shuud.mn
Сонин хачин