Азаиа Томас хэзээ эдгэрэх нь тодорхойгүй
2017-08-22

 

НБА-ын бүх багт нэрлэгдэж, бүх одод тоглогч болж, бүсийн шигшээ цуврал хүртэл багаа манлайлсан жижиг Томас харамсалтай нь бүсийн аваргын цувралыг дуусгаж чадаагүй. Ташаандаа авсан гэмтлийн улмаас тэрбээр үзэгчдийн суудлаас багаа дэмжиж үлдсэн билээ. Гэхдээ аз болж түүний гэмтэл мэс ажилбар хийлгэх шаардлагагүй гэсэн онош гарсан. Плэй офф эхлэхийн өмнө төрсөн дүү охиноо авто машины осолд алдаж, удалгүй өөрөө гэмтэлд өртсөн нь түүний хөгжөөн дэмжигчдийн санааг багагүй зовоосон.

 

Тэгвэл энэ зуны амралтаар түүний гэмтэл илааршиж байгааг өөрөө хэд хэдэн удаа хэлээд буй. Ямар ч байсан 9 сарын багийн цугларалт гэхэд бүрэн эдгэрчихнэ гэсэн мэдээлэл гараад удаагүй байна.

 

Түүний гэмтэлд багийн ахлах дасгалжуулагч Брэд Стивэнс ихээхэн болгоомжтой хандаж байна. Тэрбээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа “9 дүгээр сарын эхээр дахин нэг шинжилгээнд орох ёстой. Магадгүй улирал дундын амралт түүнд эерэгээр нөлөөлсөн байх. Сүүлийн нэг сар, тэр дундаа сүүлийн хэдэн долоо хоногт мэдэгдэхүйц ахиц гарч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ 9 дүгээр сард өгөх шинжилгээний хариу гартал юуг ч тодорхой хэлэх боломжгүй” гэсэн юм.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин