Будапешт-2017: Ц.Наранжаргал эхний тойрогтоо ялагдлаа
2017-09-01

 

Будапешт-2017 жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр тав дахь өдрөөрөө үргэлжилж байна. Энэ өдөр манай хоёр бөх зодоглох хуваарьтай байгаа. Эрэгтэйчүүдийн 90 кг-ийн жинд эх орноо төлөөлж дэлхийн чансааны есдүгээрт эрэмбэлэгдэж байгаа ОУХМ Г.Алтанбагана барилдана. Тэрээр эхний тойрогтоо хийлсэн учраас тэмцээнийг хоёрдугаар тойргоос эхлүүлэхээр болоод байгаа юм. Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д манай улсаас дэлхийн чансааны 54 дүгээр байранд бичигдэж байгаа ОУХМ Ц.Наранжаргал барилдах хуваарьтай байсан юм.

 

Ц.Наранжаргал энэ өдөр гуравдугаар татамид Монгол улсаа төлөөлж түрүүлэн гарсан. Түүний эхний өрсөлдөгч нь дэлхийн чансааны 10 дугаарт эрэмбэлэгдэж байгаа Пан Америкын гурван удаагийн аварга, Канадын жүдоч Кэлита Зупансич байлаа. Манай бөх энэ жил 25 настай бол түүний өрсөлдөгч нь энэ жил 27 настай, нэг үеийн бөхчүүд юм.

 

Барилдаан манай цагаар 16:55 цагаас эхэлсэн.Барилдааны эхэнд дэвжээний шүүгч манай бөхийг барьц буруу халсан гэж шидогоор торгосон. Гэхдээ удалгүй 2:30 минут үлдээд байхад эсрэг тамирчинд мөн нэг шидо өгсөн. Харамсалтай нь үүнийхээ дараахан манай бөх эсрэг бөхөд вазари үнэлгээ алдсан юм. Эсрэг тамирчинтай барьц булаалдах дээр дутуу байсан бөгөөд барьцаа нэгэнт алдсан үедээ улаан зурааснаас гарсан гээд хоёр дахь шидогоо авсан. Үүний дараа мөн л хоёр бөх татамигаас гарсан үндэслэлээр хоёулаа шидо торгууль авлаа. Энэ торгууль манай бөхийн гурав дахь торгууль байлаа. Ингэснээр манай бөх энэ удаагийн тэмцээнийг өндөрлүүлж байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин