Г.Оюунцацрал: Чацаргана хураалтын ажил хамгийн эрэлттэй байна
2017-09-06

Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн гүйцэтгэх захирал Г.Оюунцацралаас залуусын дунд ямар ажил эрэлттэй байгааг тодрууллаа.

 

 

-Залуусын дунд ямар ажил эрэлттэй байна вэ?

 

-Хичээл эхлэхтэй зэрэгцэн Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн ажил ч мөн эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ажил олгогч талаас ажлын санал, ажил хайж буй оюутан нэмэгдэж байна. Ургац хураалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор чацаргана хураалтын ажил хамгийн эрэлттэй байгаа. Энэ чиглэлээр ажилд авах хүсэлт өдөрт 50 ирж байна. 7-10 хоногийн хугацаатай ажиллах бөгөөд нэг кг-ыг нь 1000 төгрөөг үнэлж байгаа. Мун судалгааны ажлын санал их ирж байна. Өчигдөр гэхэд, “Таван богд” компаниас 30 залууг судалгаа хийлгэхээр ажиллуулсан бол өнөөдөр дахин 10 залууг ажиллуулж байна. Мөн дуудлага, цагийн зөөгч, барилгын дараах цэвэрлэгээнд залуус их ажилладаг.

 

-Өдөрт танайхаар хэчнээн оюутан үйлчлүүлж байна. Тэдний хэдэн хувьд ажил олгож чадаж байгаа вэ. Залуусыг бүгдийг нь биш юм гэхэд ихэнхийг нь ажилтай болгохын тулд ямар ажил хийж байна вэ?

 

-Манай байгууллагаар өдөрт 30-50 залуу цагийн болон байнгын ажил хайж ирдэг. Мөн манайх 500 гаруй ажил олгогч байгууллагатай хамтран ажиллаж байна. Эдгээр байгууллагаас өдөр бүр цагийн болон байнгын ажлын санал ирдэг. Хөдөлмөрийн бирж нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр маш олон ажил санаачлан хэрэгжүүлдэг. Түүний нэг нь “Намрын ажилд залуус” төсөл. Уг төсөл нь тав дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд хүн хүчний тусламж хэрэгтэй байгаа тариаланчдад туслахаар сайн дурын 30 залуу энэ сарын 8-10-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллана.

 

-Хамгийн эрэлттэй байгаа ажил юу байна вэ?

 

-Байнгын ажлын хувьд оффис менежер, хүний нөөцөөр ажиллах хүсэлтэй залуус манайд  их ирдэг. Нэг зүйлийг сануулахад, ажил олгогч талаас олон ажлын байр санал болгож байгаа ч тухайн ажлын шаардлагад нийцэх залуус ховор байна. Тэд тууштай биш, тав эсвэл 10 хоног ажиллаад л шантардаг. Гэтэл ажил олгогч тал хариуцлагатай, найдвартай ажилчдыг хайдаг.

 

-Тэгвэл хамгийн өндөр цалинтай нь ямар ажил байна вэ?

 

-Судалгааны ажил өдөрт 30 мянган төгрөгийн урамшуулалтай байдаг. Дуудлагын зөөгчийн хувьд харилцан адилгүй байдаг ч 20-40 мянган төгрөгийн урамшуулалтай. Оюутнуудын ажил дунджаар 2000 төгрөгийн урамшуулалтай байна. Оюутан, залуусын ажил цагаар гэхээсээ илүү судалгааны тоо, эсвэл бүтэн болон хагас өдрөөр үнэлэгддэг. 

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин