Порше баг Формула1-т эргэн ирэх үү
2017-09-07

 

Германы авто үйлдвэрлэгч Порше компани автомашины тэргүүн ангилал Формула1-т эргэн ирэхээр төлөвлөж байгаа гэнэ. Одоогоор энэ ажил зөвхөн ярилцлагын шатанд явж байгаа бөгөөд компанийн удирдлагууд уралдааны зохион байгуулагчидтай холбоо тогтоосон гэнэ. Энэ тухай уралдааны менежмет хариуцсан захирал Росс Браун ч батлаж байгаа юм.

 

Германы авто үйлдвэрлэгч компанийн хувьд өмнө нь 1957-1962 онд бүтэн багаараа Формула1 ангилалд өрсөлдсөн бөгөөд 1961 онд зохион бүтээгчдийн цомын дэд байранд орж байсан түүхтэй. Мөн энэ хугацаандаа тус баг бусад багуудад машин нийлүүлэгчээр ажиллаж байсан ч санхүүгийн асуудлаас болж ДАШТ-ийг орхиж байсан юм. 

 

Хожим 1991 онд тус компани Формула1-тэй дахин гэрээ хийж хөдөлгүүр нийлүүлэгчээр ажилласан юм. Тухайн улиралд Фүүтворк Арроус баг ганцаараа Поршегийн хөдөлгүүрийн ашигласан ч амжилт муу байсан учраас хамтын ажиллагаа зогссон юм.

 

Харин энэ удаад тэд дахин бүтэн багаар оролцохоор бэлтгэж байгаа ажээ. Росс Брауны хэлснээр Порше баг 2021 оноос эхлэн тэргүүн ангилалд хүч сорих магадлалтай гэнэ.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин