Хэлмэгдүүлэлтийн түүх
2017-09-11

ЭРҮҮ ШҮҮЛТ

 

Сэжигтнийг байцаах нь төрт улс буй болж, хууль цааз гарч эхэлсэн хэдэн мянганы тэртээгээс мөрдөх ажиллагааны үндсэн хэсэг болсоор иржээ.

 

Манжийн үеэс улбаалан 1925 он болтол хэрэглэсэн “Есөн эрүү”-г Улиастайн гянданд “Ард” Аюуш, Ардын засгийн шоронд Догсом, Бодоо нарын цөөхөн эрчүүд туулан гарч байсан боловч эрүү шүүлтийн харгис хүндийг даалгүй үнэн худал хэрэг хүлээх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хувь заяагаараа хохирох нь түгээмэл байв. “9 эрүү”: туйван, чавчирга, шаахайдах, хүллэг, сараалж, дүүжин, хөшүүр /хонгоразарга/, төөнүүр, хавчуур буюу савслага зэрэг хүний бие махбодийг зовоох аргуудыг тухайн цагийн эрх зүйн хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрч байцаалтад өргөн ашиглаж байсан билээ.

 

Харин монголчууд засаглалын Бүгд найрамдах төрийн хэлбэрийг сонгож, анхдугаар үндсэн хуулиа баталснаа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн мандах нарнаар тунхаглан зарласнаар хууль эрх зүйн тогтолцоог ардчилсан хэлбэрт шилжиж, эрүү шүүлтийн уламжлалыг бүрмөсөн таягдан халжээ. 

 

Гэвч Зөвлөлт Холбоот Улсын удирдагч И.Сталин нарын заавар удирдамж, шахалтаар монгол орон улс төрийн хэлмэгдүүлэлтийн улаан шуурганд автахад эрүү шүүлтийг хориглосон цааз ор нэр болж, улс төрийн зохиомол хэрэг хүлээлгэх зорилгодоо мөрдөн байцаалтын хууль бус аргуудыг  ашиглах болсон байна. Манж хятадын хуульт “есөн эрүү” талын монголчуудын махыг зулгааж явсан бол энэ удаад улаан орос-сахал Сталины нууц “дөчин эрүү” дайчин монголчуудын амийг эрлэгт хүргэх замыг засалцав.

 

1930-1950 аад сүүл үе хүртэл ЗСБНХУ-ын  хууль хяналтын байгууллага, Гадаад хэргийн яамыг толгойлж байсан, Польшийн язгууртан удамтай А.Я.Вышинский ЗХУ-ын Ерөнхий Прокуророор ажиллаж байхдаа: Хэрэгтэн гэм буруугаа өөрөө хүлээх нь хангалттай нотлох баримт мөн учир хэрэг хүлээсэн бол хурдан шийдвэрлэж, яллахыг зөвлөж байсан нь улаан эрүү шүүлтийг тэтгэх болжээ.

 

Гэм бурууг нь хүлээлгэн мэдүүлэг авах хамгийн хялбар арга нь сэжигтнийг тарчлаах замаар “хэрэг хүлээлгэх” явдал байв. Оросын тусгай хүчний байгууллага  эрүү шүүлтийнхээ технологийг Загалмайтны шашны шүүхийн өв уламжлалд тулгуурланболовсруулан гэдэг.

 

Харин оросууд энэхүү бохир технологио “Лхүмбийн хэрэг”-ээр дашрамдуулан Монголд экспортолсноор 1930-аад оны эхэн үеэс монголын тусгай хүчний байгууллага (1936 он хүртэл Дотоодыг Хамгаалах Газар, түүнээс хойш Дотоод Явдлын Яам)-ын мөрдөн байцаалтад орос зөвлөх,сургагч нарын биечилсэн оролцоо,удирдлагазааврын дагуу эрүү шүүлт хэрэглэх болсон байна.

 

Мөрдөн байцаалтад ногоон малгайтнуудын хэрэглэж байсан эрүү шүүлтийнтухайд гэрчүүдийн дуртгал, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн мөрдөн байцаалтын хавтаст хэрэг, хэлмэгдүүлэлтэд биечлэн оролцогчдын мэдүүлгийг үндэслэн сэргээн босгох боломжтой юм.

 

Судалгааны ажлын хүрээнд илэрсэн баримтаас үзэхэд,монголын тусгай хүчний байгууллага 1930-1940-өөд онд улс төрийн хэргийг мөрдөн байцаахдаа  1. Оюун санаанд нь нөлөөлөх, 2. Бие махбодийг нь тарчлаан зовоох, 3. Хууран мэхлэх гэсэн үндсэн гурван хэсэгт зааглан үзэж болох эрүү шүүлтийн 40 гаруй арга ашиглаж байжээ. Эдгээрийн заримаас онцолбол:

 

Оюун санаанд нь нөлөөлөх арга

 

Сэтгэл зүйн дарамт учруулах: Мөрдөн байцаагчид юуны өмнө хэрэгт холбогдогчийг  сэтгэл санааг дарамтлан, эрхшээлдээ оруулах аргыг хэрэглэдэг байжээ. Хэлмэгдэгч С.Дагшомбо энэ тухайд: “28 /1938/ дугаар оны долоон сарын 29-ний өдөр Дотоод яамны Ховд хэлтсээс гэв гэнэт баривчлан аваачихад их л гайхаж байлаа”. “Ийнхүү баривчлан аваачихад миний бодсон нь уулаас хийсэн хэрэггүй хүнийг нэгэн долоо хоногийн дотор асууж байцаагаад гаргах нь лав хэмээн ямар ч аймшиггүй байв. Чингэтэл, чи монголоос урвасан хэрэгт эрт цагаас эхлэн оролцож байсныг манай Дотоод яам нь маш тэсвэртэйгээр хүлээн боловсруулсаар эдүгээ чамайг баривчилсан юм.Иймд, үнэнээ хэлээд өршөөл гуйвал амь чинь мэнд гарах магад.Хэрэв хүлээхгүй ахул бид нар чамайг өмхийрүүлэн илжилээд алмой хэмээн Лувсанчүлтэм гэгч байцаасанд өөрийн бүх үнэн байдлуудыг хэдий хэлэвч, тийм үг огт сонсохгүй, гагцхүү би эсэргүү хүн хэмээх нэг үгнээс өөр үг битгий хэл.Заавал чиний амнаас эсэргүү хэрэг үйлдсэн үнэн хэмээх нэгэн үгийг гаргуулмой.Хэрэв, чи ингэж хэлэхгүй ахул аль муугаа үзэж үхэхээс өөр замгүй.Дотоод яам нь нэгэнт баригдсан хүнийг хэрэггүй хэмээн суллах ёсгүй.Заавал хэрэг хүлээлгэдэг журамтай юм.Чам шиг нэгэн хүүхдийг хэрхэн алах нь бидний эрх… хэмээн удаа дараа чангалан байцаасан” гэжээ.

 

Гутаан доромжлох: Байцаагч нар үг хэл болон үйл хөдлөлөөрөө хүнийг доромжилдог байлаа. “Чи бол гудамжны хамуутай нохойноос үнэгүй болсон, буудна”, “Чи бол нэгэнт энэ хашаан дотор баригдан орсноос хойш монголын хүн амын данснаас хасагдсан бөгөөд өнчин ишигнээс ч үнэ байхгүй болсон учир чамайг ер хайхрахгүй, харин зовлонг бага шиг үзээд амь мэнд гаръя гэж бодвол би эсэргүү хэрэг хийсэн нь үнэн хэмээн шууд мэдүүлэх хэрэгтэй” гэх зэргээр гутаадаг байсан аж. Байцаагч Мангас хэмээх С.Дорж хүмүүсийг хэл амаар доромжилдогоороо зартай нэгэн байжээ.

 

Бусдаар гүтгүүлэх: ДЯЯ улс төрийн хэрэгт холбогдсон томчуудыг урьдаас бэлтгэсэн хүнээр гүтгүүлж хилс хэрэг тулган хүлээлгэдэг байсан. Худалдаа Үйлдвэрийн Яамны сайд агсан Р.Мэнд, Аж Үйлдвэрийн Комбинатын дарга асан Р.Пүрэв, ДЯЯ-ны орлогч сайд Б.Лосол нарын амьд явах гэсэн эрмэлзлийг нь ашиглан, 2-3 жил сайн хоол унд, хувцас хунараар ханган хорьж, дурын хүний эсрэг хилс мэдүүлэг гаргуулж, нүүрэлдлэгийн үед гүтгүүлдэг байв.

 

Бие махбодийг тамлан зовоох аргууд

 

Жижүүрлэн байцааж мэдүүлэг тулган авах: Байцаагдаж буй хүнийг амраалгүй олон хоногоор тасралтгүй байцаах аргыг жижүүрлэн байцаах гэнэ. Энэ нь бүр 1922 онд Бодоогийн хэрэгт давхарлан байцаах гэдэг нэрээр орж ирсэн бөгөөд 1933-134 онд “Лхүмбийн хэрэг”-ийн мөрдөн байцаалтад зонхилон ашигласан арга юм. ДХГ-ын Тусгай хэлтсийн дарга Н.Насантогтохын боловсруулсан Лхүмбийг яаж байцаах тухай төлөвлөгөөнд ялтны биеийг өглөө 9 цагаас эхлэн шөнийн 3 цаг хүртэл жижүүрлэн байцаагаад дараа нь 3 цаг амрааж байхаар заажээ.  Тэгэхэд байцаагч нарт улсаас хоол унд өгдөггүй байсан бол 1937-1939 онд жижүүрлэн байцаахад ДЯЯ-наас байцаагч нарт халуун хоол цай, хайрцагтай тамхи үнэгүй өгдөг болсон байна.Их хэлмэгдүүлэлтийн үед нэг байцаагч нэг хүнийг дагнан байцааж дуусгасан нь цөөн бөгөөд дамжуулан жижүүрлэж байцаадаг байсан. Тийнхүү24 цагаар жижүүрлэн байцаахад сульдаж цөхөрсөн хүн хэрэг амархан хүлээдэг байв. ДЯЯ-ны Ховд хэлтэст 7-15 хоног хүртэл нойр хоолгүйгээр суулгаж, жижүүрлэн байцаах тохиолдол ч гарчээ.

 

Өндөр сандалд суулгах: Өндөр сандалд гарыг нь унжуулж, хөлийг нь жийлгэж суулгах бөгөөд олон хоногоор суусан хүний биед усан хаван гүйж мэдээгүй болдог байна.  1933-1934 онд ДХГ-т “Лхүмбийн хэрэг” мөрдөгдөж байхад хэрэгтний хоёр гарыг унжуулж, сандалд олон хоногоор номхон суулгаж, жижүүрлэн байцаадаг явдал тус газрын ажлын үндсэн арга барил болж байжээ. Жанжны нарийн бичгийн дарга Д.Баярсайханыг 9 өдөр, 9 шөнө хөл хүрэхгүй сандал хөдөлгөхгүй суулгаж, хоол унд өгөхгүй байцааснаас эцэстээ ухаан алдаж унахад чернилийн чулуун даралтаар цохих, бүүрхэн гуталаар өшиглөх зэргээр зовоож байв. Энэхүү өндөр сандлыг тухайн үед “Сталины өндөр цагаан” гэж нэрлэдэг байсан бөгөөд түүн дээр сууж байгаад амьд үлдсэн хүмүүс насан туршдаа хөл муутай болсон аж.

 

Зодох: Бие махбодийг тарчлаах хамгийн энгийн хэлбэр болох ган шугам, харандаа, үзгээр толгой, гар зэргийг хатгах, цохих, тонших аргыг бараг хэрэгтэн бүрт хэрэглэж байсны дээр суран бүсээр ташуурдах, байшингийн хана мөргүүлэх, өшиглөх, цохих, үсдэж чирэх зэрэг зүйл бүрийн аргуудаар зодож занчиж байсан. 1940-өөд оны эхээр орлогч сайд Жамбалдорж, зөвлөх Скоков нар Эвлэлийн Төв Хорооны дарга байсан Сэнгэдорж, Магсар нарыг байцаахдаа хүн зодох зориулалтаар тусгайлан бэлтгэсэн суран бүсээр зоддог байжээ.Дотоод Явдлын Яамны жинхэнэ орлогч сайд Б.Жамбалдорж НТХ-ны нарийн бичгийн дарга Б.Баасанжавыг алгадах, өшгөчих зэргээр зодож, хавирга нь хугарч уушгаа сүлбэж амь насаа хөөрхийлөлттэйгээр алдах хүртэл харгислан тамлажээ.  ДЯЯ-нд ажиллаж байсан М.Лувсандоржийг байцаахдаа халимаг сургагч Доржиев толгой дээр нь дараад, Мангас Дорж хоёр хөл дээр суугаад орлогч нь улаан хамар Цогзол соёмботой суран бүсээр нүдэж, бараг 2 цаг шахуу зодсон байна.

 

Буугаар цохих: ДЯЯ-ны ажилтнууд байцаалтын үед сэжигтнийг буугаар цохих явдал түгээмэл байсан. Мөрдөн байцаах тасгийн дарга Базарханд жирийн ард Гомбыг байцааж байгаад юм хэлэхгүй болохоор толгойг нь буугаархага цохисноос тэр Гомбо маргааш өдөртөө шоронд үхсэн гэдэг.Мөн МХЗЭ-ийн Төв Хорооны нарийн бичгийн дарга Ж.Сэнгэдорж байцаагч нартай үзэлцэж байгаад бууны бөгсөөр тархиа хага цохиулж нас барсан байна.

 

Кастер /Карцер/-т хийх: ДЯЯ-ны хорих ангийн 24, 25, 38, 39 дүгээр тасалгаануудыг касчер болгон ашиглаж байсан бөгөөд энэ нь чулуун шалтай, галлагаагүй байжээ. Энд МХЗЭ-ийн Төв Хорооны дарга Ж.Сэнгэдорж, Ц.Галт, Я.Дагвадорж нарыг хорьж байжээ.Мөн Ховд хэлтэс тэрхүү аргыг өөрийн нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгтнийг өвлийн тэсгим хүйтний улиралд огт галгүй цас мөстэй газар болон мод, төмөр нүх мэтэд хорих ба гадаа цасан дээр ил хэвтүүлж байжээ.

 

Нүүр амыг тамхины галаар түлэх, төөнөх: Байцаагч Намхайжанцан зохиолч Ц.Дамдинсүрэнг байцаахдаа монгол гаансаар тамхи татаж байгаад халсан төмөр толгойгоор жигнэх, төөнөх зэргээртарчлааж байв. Эсэргүүцэн тагнах хэлтсийн төлөөлөгч байсан Хөх-Өвгөн нэгэн ламыг байцаахдаа улайдсан төмрөөр хэд дахин толгойг нь хайрч тамлаад хилс хэрэг хүлээлгэсэн байна.Байцаагчид хэрэгтнүүдийг ухаан алдсан эсэхийг шалгахдаа энэ аргыг түгээмэл ашиглаж байсан.

 

Сэхээ олгохгүйн тулд хувцас хунар, дэр дэвсгэрийг хураан авч нүцгэн хорих:Амрах боломж өгөхгүйн тулд өдрийн цагт хэрэгтний орыг хураан авдаг байна. Байцаалтыг ихэвчлэн шөнө явуулдаг байсан тул өдөр ядарсан хүн шөнө нь хэрэг амархан хүлээдэг байсан.Гэтэл эсрэгээрээ байцаагчдын олонх нь өдөр унтаж амраад орой 16 цагт ажилдаа ирдэг байжээ.

 

Тусгай өрөөнд зодох: 1939 оны дундуур ДЯЯ-нд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүд өөрчлөгдөж, шинэ зөвлөхүүд ирсний дараа тус яамны ажилд алдаа гарч байна гэсэн дүгнэлт гарснаар байцаалтдагнан эрхэлсэн Мөрдөн байцаах хэлтсийг тусгайлан байгуулж, үйл ажиллагааг нь хууль ёсны дагууд явуулах чиглэл өгчээ.Ингэснээр байцаалтын арга ажиллагаа зөөлөрч жижүүрлэх буюу амралтгүй, хөдөлгөхгүй суулгах явдал зогссон байна, хэсэгтээ.Гэвч зарим хэрэгтэнд хүчирхийллийн арга хэрэглэхийг зөвшөөрсөн шийдвэр гарснаар ДЯЯ-ны байрны 2 давхарын зүүн үзүүрт хойш харсан нэг тасалгааг хүн зодохыг зөвшөөрсөн өрөө болгожээ.Өрөөний цонх ба ханыг хар давуугаар бүрж, ганц сандалтай тавьсан байв.

 

Зөвлөлтийн байцаагчдад шилжүүлэх арга: Нам, төрийн удирдагчид болон ДЯЯ-ны зарим удирдлагуудыг баривчлан одоогийн Үндэсний музейн урд талд Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн байрны ар талд байсан улаан модон байшингаар дамжуулан Амгалан дахь ЗХУ-ын 17 дугаар армийн мөрдөн байцаах хэлтэст шууд аваачиж байцаагаад ЗХУ-д илгээдэг байв. Тэрчлэн Монголын ДЯЯ-ны байцаалтад хэрэг хүлээхгүй байгаа хүмүүсийг тэнд аваачиж, хатуу ширүүнээр харгислаж хэрэг хүлээлгэдэг байсан. Корпус командлан захирагч Д.Цагаан: “Би хэрэг хүлээхгүй байж чадсангүй. Амгалангийн тэнд очиж байцаагдаж тэсэж чадалгүй хэрэг хүлээлээ.Одоо түргэн л буудуулахаа хүлээж байна”, “Би өдөрт Амгаланд очиж, дөрөв давхарласан кабель утсаар зодуулж байгаад шөнөдөө ирж унтдаг байсан.Тэнд Сталины групп нэг орос анги ирсэн бололтой.Тэр анги манай улсын дээгүүр тушаалтай баригдсан хүмүүсийг аваачиж, тарчилган зовоож байдаг юм” гэж ярьж байжээ.

 

Хууран мэхлэх аргууд

 

Мэхлэх: Байцаагч нь сэжигтэнд худал амлалт өгч хилс хэрэг хүлээлгэж байжээ. Бидний асуултад хариулбал чамайг алахгүй, 10 жилээр шийтгэнэ гэх зэргээр мэхлэн ятгадаг байсан бөгөөд үүнд олон хүн мэхлэгдэж худал зүйл мэдүүлээд дээд хэмжээгээр шийтгэгдсэн юм.

 

 Хооллох:Олон хоногоор хоол унд огт өгөлгүй тамирдуулж байгаад хэрэг хүлээлгэх нь энэ аргын үндсэн нөхцөл болно. Ерөнхий сайдын орлогч байсан Г.Самбуугийн эхнэр Дэнсмаа: “нэг өдөр байцаахдаа миний өлсөж буйг ашиглахаар контортоо янз бүрийн идэх юмыг тавьж, одоо энэ мэдүүлэг дээр гарын үсэг зур, тэгсний дараа хоол, унд ид гэхэд нь өлсөхийн эрхэнд зөвшөөрсөн”гэж мэдүүлсэн бол зохиолч С.Дашгомбо “Өлсөх ундаасахын аюул зовлонг үзэж байсан тул ядаж нэг удаа цадаад үхэхийг бод”-ж хилс хэрэг хүлээсэн байна.  

 

Тийнхүү зүйл бүрийн эрүү шүүлт амсаж, тарчилсан хүмүүсийг өлсөж үхэх, өвдөж үхэх, бэртэж гэмтэж үхэх, хөлдөж даарч үхэх, айж бачимдаж үхэх тавилан анадаг байв.Тухайлбал, Зайсангийн гүйцэтгэх ажлынтөлөөлөгч Адъяа, Худалдаа Үйлдвэрийн Яамны сайд, өндөр Дорж нар амиа хорлож, багш, цахар Бадрах хоолойгоо огтолж үхсэн байна.Мөн өдий төдий өвчтөн хүмүүсүүд ямар ч сувилалт арчлалтгүйгээр доороо бааж, шээсээр байгаад ташаа сүүж нь цоорох буюу өмхийрэх зэргийн хамгийн муухай байдлаар өдөр тутам хэд хэдээр үхдэг байв.

 

Христын сүм хийдийн мөрдөн байцаалтаас уламжлалтай “Вышинсийн аргууд” нь ямар ч хүнийг хилс хэрэг хүлээхээс өөр аргагүйд хүргэдэг байжээ.Манай монголд хэрэглэж байсан эрүү шүүлтийн 40 гаруй аргын олонхи нь А.Солженицыны “Архипелаг гулаг” бүтээлд дурдаж буй ЗХУ-д ашиглаж байсан хүнийг тамлан байцаах, эрүүдэн шүүх 50 гаруй аргатай дүйж байна. Энэ бүхэн аймшигт тэр жилүүдэд ёс зүйн хэм хэмжээ, хууль тогтоомжийг уландаа гишгэн завхруулж,хүний эрх, эрх чөлөөг хөсөрдүүлжбайсныг гэрчлэх түүхийн бараан хуудас болон үлджээ.

 

Ардчилал хүмүүнлэгийн замаар замнаж байгаа өнөө үед дээрх гашуун түүхээс сургамж авч, ямарч үед “Вышинскийн технологи”-ийгмөрдөн байцаалтад хэрэглэхгүй баталгаа буй болгох шаардлагатай байгаа билээ.

 

Түүхч, Тайжууд Х.Мөнхбаяр

Shuud.mn
Сонин хачин
Бнаа
2018-09-14
зочин:
зо гаруй мянган хүн йг нэг хоёр мянган хүн алж амжихгүй хэдэн мянган хүн энэихэргийг хийсэн байж таарна. энэ зандалчинийн мэдээлэл байгаа даа.үр хүүхэд нь одооо дарга цэрэг болчихсан.том том юм яриад явж байгаа. хэзээ нийтэд ил болох бл
2017-09-11
irgen:
arhivd baigaa bizdee medmeer baival
2017-09-11
Зочин:
Дээр нэр нь гараад байгаа МАН-ын мөрдөн байцаагчид тухайлбал сайд асан Жамбалдарж, Мангас хэмээх Дорж нарын үр хүүхдүүд байдаг болов уу. Тэд нар ийм яргачны үр хүүхэд гэдгээ мэддэг болов уу. Удам угсаа үр хүүхдийг нь мэдэх юмсан.
2017-09-11
Бнаа
irgen:
arhivd baigaa bizdee medmeer baival
Мо:
Энэ чинь андуураад хэлмэгдүүлсэн биш зориуд хийсэн аллага хядлага байсан юм
2017-09-11
Батхүү:
Өнөөдөрыг хүртэл “Вышинскийн технологи”-ийг мөрдөн байцаалтад хэрэглэж байгаа нь манай хуулийн сургалт 100 жилээр хоцрогдсоных шүү
2017-09-11