Ц.Адъяасүрэн: Озоны давхарга эргэн нөхөгдөж эхэлсэн
2017-09-15

 

“Озоны давхаргыг хамгаалах дэлхийн өдөр” маргааш болно. Озон задалдаг бодисын тухай Монреалийн Протоколын 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд “Нарны ивээл дэх Дэлхийн амьдрал” сэдвээр Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан БОАЖЯ, Озоны үндэсний албанаас хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Озоны давхарга нь нарнаас ирэх хортой хэт ягаан туяанаас манай гараг, хүн төрөлхтөнг хамгаалж, дэлхийн амьдарлыг хэвийн байлгахад тусалдаг эмзэг хийн “бамбай” гэдгийг Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн онцоллоо. Мөн тэрбээр “Нарын хэт ягаан туяаны хэмжээ нэмэгдвэл дэлхийд сөргөөр нөлөөлнө. Ургамал давжаарч, хүмүүсийн дунд нүд, арьсны өвчин ихэсдэг. Тийм учраас нарны хэт ягаан туяаг өөртөө шингээдэг озоны давхаргыг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэргээс шалтгаалж хүмүүс хөргөлтийн янз бүрийн системийг хэрэглэдэг болсон. Гэвч хөргөлт хийдэг бодис нь озоныг задалж байдаг аюултай. Тэр утгаараа Монреалийн Протоколын хүрээнд озонд сөргөөр нөлөөлдөг хөргөлтийн бодисыг шат дараатай сольж байгаа бөгөөд 2030 он гэхэд бүрэн хамгаалах хэмжээнд хүрнэ. Нэмж хэлэхэд, НҮБ-ын Ерөнхийлөгч Бан Ги Мүн Монреалийн Протоколыг хамгийн сайн хэрэгжиж байгаа хэлэлцээр хэмээн дүгнэсэн байдаг. Түүнээс гадна 2017 онд Монреалийн Протоколын 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан озоны давхарга, уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөөтэй озон задалдаг бодисуудыг 99-өөс илүү хувиар бууруулах олон улсын гэрээг байгуулах талаар зөвшилцөлд хүрчээ. Одоогоор Монреалийн Протоколд дэлхийн 197 орон нэгдэн орсон байдаг байна. Мөн өнөөдрийн байдлаар агаар мандалд агуулагдах озон задалдаг бодисын агууламж тодорхой хэмжээгээр буурч, озоны давхарга эргэн нөхөгдөж буй шинж тэмдэг илэрч эхэлсэн ба энэ зууны дундуур нөхөн сэргэх төлөвтэй байна” гэв.

 

Одоогоор озоны цоорол нийт 28 сая ам.км хэмжээтэй байгаа юм байна. Антарктид, Гималайн нуруу зэрэг газарт үүсдэг аж. Гэхдээ озоны давхаргыг хамгаалах ажлын хүрээнд дөрвөн сая ам.км хэмжээтэй цоорол эргэн нөхөгдөөд байгаа юм байна. Мөн эрдэмтэд 1970-1980-аад онд озоны давхаргаа цоорсон талаар анх мэдсэн бөгөөд озоны давхаргад цоорхой үүссэнээр нарнаас ирэх хэт ягаан туяаны хэмжээ ихсэж, дэлхийн бүхий л амьдралд сөргөөр нөлөөлнө гэдгийг онцлон тогтоожээ.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин