Дэлхийг 79 хоногт дугуйгаар туулж рекорд тогтоолоо
2017-09-19

 

Британи дугуйч дэлхийг 79 хоногт туулж дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Өмнөх амжилтыг 44 хоногоор ахиулсан залуу нь өдгөө 34 настай Марк Баумонт гэгч Шотланд эр ажээ. Тэрбээр 29000 км замыг хоногт 386 км цагийн дундаж хурдтайгаар туулж өнгөрүүлсэн байна.

Өмнөх рекорд амжилт нь 123 хоногт туулсан амжилт байсан юм. Тэгвэл түүнийг нь ийнхүү үлэмж ахиулсан нь Жюль Верний алдарт “Дэлхийг 80 хоногт тойрсон нь” зохиолоос ч нэг хоногоор бага хугацаанд туулсан амжилт болж байна.

 

Баумонт нь хоногт 5 цаг унтаж 16 цагийг дугуйн дээрээ өнгөрүүлж, товчоор илэрхийлбэл маш их зориг тэвчээр гаргажээ. 7 сарын 2нд Парисаас гарсан адал явдлын хайгуулч эр Европ, Орос, Монгол, Хятад зэрэг улсуудаар дайрч, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсуудаар дамжсаны эцэст Португал, Испани зэрэг улсуудаар зочилж эцэст нь Францад эргэн ирсэн байна. Өглөө бүр 4 цагт босч, тасралтгүй 4 цагийн хурд авахдаа өдөрт 9000 калори бүхий хүнс хэрэглэж, газар хөдлөлтөөс эхлээд бусад байгалийн гамшгийг ч тоох сөхөөгүй байсан гэнэ.

 

Түүнийг барианд ороход ар гэрийнхэн болон бусад хүмүүс нийлсэн 50 гаруй хүн угтаж авсан байна. Тэрбээр энэ аялалынхаа талаар “Ямар ч эргэлзээгүйгээр энэ бол миний хувьд оюун санааны болон бие махбодийн талаас амьдралдаа туулсан хамгийн хүнд сорилт байлаа. Биеийн хүчний болон сэтгэлийн тэнхээний хувьд үнэхээр амаргүй сорилтыг сүүлийн 2 сар хагасын хугацаанд тууллаа. Энэ бүхнийг ар талыг минь найдвартай сайн хангаж байсан хүн болгоны хүчээр давж чадлаа” гэсэн юм.

 

Тэрбээр мөн энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудсандаа “Албан ёсоор 78 хоног, 14 цаг, 40 минутад дэлхийг тойрч гиннесийн  амжилтад бүртгүүллээ. Аялалын турш дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Бид чадлаа” гэж бичсэн байна.

 

Түүний багийнханд хоол тэжээлийн мэргэжилтэн, механикч, менежер, хөдөлгөөн заслын эмч зэрэг хүмүүс багтсан байна.

 

Мөн тэрбээр Орос, Монгол гэсэн хоёр орныг “үл мэдэгдэх бүс нутаг” гэж тодотгосон юм. Тэрбээр аялалынхаа турш хоёр удаа осолдож унасны нэг нь Оросын нутаг дэвсгэрт тохиолдсон байна. Энэ үеэрээ тэрбээр эмнэлгийн яаралтай тусламж хүртэл авах хэмжээнд хүрсэн байна.

 

Б.Энх-Амгалан

 

 

Shuud.mn
Сонин хачин