ШИНЭ НОМ: “Монгол бичиг номын өв”
2017-09-28

 

“Монгол бичиг номын өв” хэмээх нэгэн шинэ бүтээл уншигчдын гарт очжээ. Энэ ном нь монголчуудын зохиож хэрэглэсээр ирсэн 10 гаруй бичиг үсэг, тэдгээрийн дурсгалын тухай өгүүлэх эрдэм шинжилгээний хялбаршуулсан бүтээл юм. Олон үеийн монголчуудын оюун санааны охь дээжийн талаар энгийн, тодорхой өгүүлсэн энэхүү бүтээлийг С.Эрдэнэболд санаачилж, Б.Түвшинтөгс, Г.Баттогтох, Д.Боролзой, Ж.Ганбаатар нар туурвижээ.

 

Судалгаа, зураг, баримтыг хослуулан, бүх насны уншигчдад зориулсан уг бүтээлийн удиртгалд монголчуудын бичиг үсгийн түүх, эртний монголчуудын бичгийн соёлын тухай өгүүлжээ. Харин үндсэн бүлгүүдэд монгол, дөрвөлжин, али гали, тод, соёмбо, хэвтээ дөрвөлжин, вагиндра, латин, кирил бичиг, мөн монгол хэлээр ханз, араб, манж, төвд зэрэг үсгээр тэмдэглэсэн дурсгалуудыг тоймлон танилцуулсан байна.

 

Номын төгсгөлд монгол хэл, бичигт холбогдох түүхэн үйл явдлыг бүртгэсэн он дарааллын цэсийг хавсаргажээ.

 

“Монгол бичиг номын өв” ном МУИС-ийн хичээлийн I, II байрны Номын дэлгүүр, Азхур номын дэлгүүр, Гандангийн номын дэлгүүрт худалдаалагдаж байна.

Shuud.mn
Сонин хачин