МҮЭХ багш нарын бүх тэмцлийг дэмжихээ мэдэгдлээ
2017-10-02

 

Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн бөгөөд “Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо”-ноос тавьж буй шаардлагыг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдлээ. “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо” өнгөрсөн наймдугаар сард Засгийн газарт  багш нарын цалин нэмэгдүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Шаардлагын хариуг товлосон хугацаанд буюу мөн сарын 15-нд ирүүлээгүй тул багш нар өнгөрсөн сарын 21, 26-нд сануулах ажил хаялт зарласан бөгөөд энэ сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдсэн.

 

“Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо” өнгөрсөн сарын 28-нд МҮЭХ-нд цалин нэмэх асуудлаар хүсэлт тавьжээ. МҮЭХ хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлсний дараа ҮЭБ ажлаа хийхгүй байна гэх мэдээлэл тарсан талаар хурлын эхэнд онцлов. Мөн МҮЭХ нь цалин нэмэхтэй холбоотой үйл ажиллагааг дэмжин сүүлийн 25 жил ном журмын дагуу ажилласан, багш нарын тэмцэл хуулийн дагуу явж байна гэв. Түүнчлэн “Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо” энэ сард ажил хаяж буй тэмцлийг дэмжиж байгаа бөгөөд шаардлагатай бол хуулийн дагуу тэмцлийн аль ч хэлбэрийг сонгон дэмжихээ мэдэгдлээ.

 

МҮЭХ-ны төлөөлөл “Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх хурлаар хэлэлцсэний дагуу есдүгээр сарын 20-нд Засгийн газар, ажил олгогч эздийн холбоонд тав хоногийн дотор хариу ирүүлэх шаардлага хүргүүлсэн. Товлосон хугацаанд хариу ирээгүй тул зуучлагч байгууллагаар дамжуулах саналаа холбогдох байгууллагад тавьсан. Томилогдсон зуучлагч байгууллага талуудыг эвлэрүүлэх арга хэмжээ авна. Үүнд талуудын баяр суурь нэгдэхгүй бол арбитын шүүхэд хандана. Арбитрын гаргасан дүгнэлтийг талууд хүлээн авахгүй тохиолдолд ажил хаялт зарлах эрх үүсдэг. Хуулийн дагуу энэ хугацаа нь аравдугаар сарын 20-ны үед таарч байгаа. Энэ үед шаардлагатай гэвэл ажил хаях боломжтой” гэлээ.   

 

Мөн “Төрийн байгууллагын ажилчдын цалинг нэмэх, хасах тухай асуудлыг Засгийн газар шийдвэрлэдэг. Багш нарын амьжиргааны төвшин ядуугийн эгнээнд шилжих нь. Тиймээс  бид гишүүдийнхээ саналыг дэмжиж байна. Эдийн засаг хүнд байгаа ч багш нарын цалинг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Хөдөлмөрчдийн нийгмийн байдлыг сайжруулчихаад улс орноо хөгжүүлэх нь зөв. Ямар ч хүнд нөхцөлд хөдөлмөрчдийн эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй, эдийн засаг сайжиртал гэж хүлээх нь өрөөсгөл. Хөгжилтэй орнууд багш нараа дэмжиж ажилладаг” гэв.

 

Дорнод аймгийн үйлдвэрчний эвлэлийн  төлөөлөл “ҮЭБ 21 аймаг, суманд ажиллаж байгаа багш нар цалин нэмэгдүүлэхэд санал нэгтэйгээр нэгдэж байгаа бөгөөд өнөөдөр хийж буй ажилтайгаа тэнцэхүйц цалин авах эрхийнхээ төлөө багш нар нэгдэж эхэлснийг дэмжиж байна” гэв. Мөн тэрбээр "21 аймаг, 361 сумын багш нарын амьдрал хүнд, зээлнээс зээлний хооронд амьдарч байна. Дундаж цалингийн хэмжээ 900 мянга орчим төгрөг хүрдэг ч багш нарын дундаж цалин 400 мянга байхад өндөр цалинтай хүмүүсийнхтэй нийлүүлэн хувааж худлаа үнэлгээ гаргадаг" гэлээ.

Р.ДУЛАМ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bolomjgui yumiig, bolomjgui ueyd ni hamgiin hatuu argaar tulgan shahah ni ....
2017-10-02
Зочин:
Псдаакууд улс орон хямраад , авилгач хулгайч нар идээд, валют өсөж, ардын амьжиргаа муудсан АН ын засаг төр барьж байх хугацаанд юу ч ярьж хийгээгүй байж одоо юц болоов. АН ын ллрууд жаахан эх оронч бай л даа.
2017-10-02