Г.Доржпалам: Нийслэлийн автобусны хурд 10 км/цаг
2017-10-05

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийтийн тээвэр тойрсон асуудлаар нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпаламаас тодрууллаа.

 

-Нийтийн тээврийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?

 

-Нийтийн тээврийн өвлийн бэлтгэлийг хангахаар дөрөвдүгээр сараас тусгай хуваарийн  дагуу ажилласан. Есдүгээр сараас нийслэлийн Тээврийн газар, Онцгой байдлын газартай хамтран аж ахуйн нэгжүүдийн өвөлжилийн бэлтгэлийг шалгасан. Шалгалтаар нэгдүгээрт, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хоёрдугаарт, сэлбэг хэрэгслийн нөөц, гуравдугаарт, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, мөн тээврийн хэрэгслийн гараашийн дулаалга зэрэг стандартад нийцэж байгаа эсэхийг дүгнэсэн. Шалгалтаар нийтийн тээврийн өвлийн бэлтгэл 94 хувьтай байна.

 

-Автобус хүрэлцээгүй байгаа юм шиг санагддаг. Зарим тохиолдолд бүтэн цаг автобус хүлээж зогсох нь бий?

 

- Нийтийн тээврийн үйлчилгээнд 88 чиглэлд 950 автобус, троллейбус өдөрт 800 мянга орчим хүнд үйлчилж байна. Энэ тоо хангалттай тоо. Харин автобусны хүлээгдлийн хугацаа их байгаа нь замын түгжрэлтэй холбоотой. Таван шараас Офицеруудын ордон хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөөнд 93 гарц, гэрлэн дохио бий. Нэг гэрлэн дохио дээр зарцуулах хугацаа 2-3 минут. Энэ чиглэлд явж буй автобусууд 10-11 км/цагийн хурдтай явж байна. Уг нь, төлөвлөгөөгөөр 25км/цаг байх ёстой юм. Хэрэв замын түгжрэл багасвал нийтийн тээвэр хугацаандаа, саадгүй, төлөвлөгөөний дагуу зорчих бүрэн боломжтой.

 

-Автобусны хүлээгдэл их байгаа нь түгжрэлээс гадна нэг чиглэлд явах автобусны тоо харьцангуй байдагтай холбоотой биш үү?

 

-“Улаанбаатар смарт карт” компани дээр аль чиглэлд, хэдэн цагт, хэчнээн хүн зорчиж байгаа зэрэг тодорхой мэдээлэл бий. Үүнд тулгуурлан зарим чиглэлийн автобусыг хасах, нэмэх ажлыг сар бүр хийдэг. Өвлийн улиралд тохируулаад арав орчим чиглэлийн автобусны тоог нэмнэ. Энэ ажил энэ сарын 20-ноос хэрэгжинэ. Хамгийн их асуудал дагуулж буй чиглэл нь Ч:50. Улаанхуарангаас үйлдвэр кабинетын чиглэлийн энэ автобус өглөө зорчигчдоо багтааж чаддагүй. Мөн хотын баруун хэсгээс төв рүү зорих хүний тоо өглөө хамгийн их байдаг. Эдгээр чиглэлийн автобусны тоог нэмнэ.  Тээврийн хэрэгслийн тоо өвлийн улиралд 10 орчим хувиар нэмэгддэг.

 

-Түгжрэлийг бууруулахаар танай байгууллага ямар ажил хийж байна вэ?

 

-Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор манай байгууллага нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй албан хаагчдын дунд “Миний сонголт-Нийтийн тээвэр” аяныг энэ сарын 1-нээс эхлэн зарласан.  Аяны хүрээнд 5000 гаруй албан хаагч ажлын нэг өдрийг сонгон, ажилдаа ирэх болон буцахдаа нийтийн тээврийн үйлчилгээг ашиглах юм. Нийслэлээс санхүүждэг 84 мянган байгууллага бий. Үүнд 6000 орчим хүн ажилладаг. Эдгээр хүмүүсийн 2671 нь буюу 40 гурай хувь нь хувийн машинаар зорчдог. Мөн 6000 албан хаагчийн 2269 нь смарт картгүй. Тиймээс дээрх 84 байгууллагад  “Миний сонголт-Нийтийн тээвэр” аянд нэгдэх уриалга хүргүүлсэн. Уриалгын дагуу тухайн байгууллагын ажилчид ажлын нэг өдөр бүгд нийтийн тээврээр зорчих юм. Тухайн өдөр нь “Улаанбаатар смарт карт”-ынхан картаа олгох юм. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган хүн ажилладаг. Эдгээр байгууллагыг аянд нэгдэхийг уриалж байна.

 

-Автобусны жолооч нар ажлаа хийж байхдаа устаар ярих, зорчигчдоо бууж амжаагүй байхад хөдлөх зэрэг хариуцлагагүй хандах нь бий. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

 

-Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй жолооч нар, дунд шатны инженерүүдэд энэ сард багтаан дөрвөн үе шаттай сургалт зохион байгуулна. Сургалтаар үйлчилгээний байгууллагын стандарт шаардлагын талаар мэдээлэл өгнө.

 

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын дунд  болзолт уралдааныг өнгөрсөн сарын 25-нд эхлүүлсэн. Уралдаан энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ. Үүнд тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 байгууллага, такси үйлчилгээ эрхлэгч 11 байгууллага хамрагдах юм.

 

- Энэ сарын 10-аас эхлэн автобус бүр автоматаар зогсоолоо зарладаг болно гэсэн үү. Үүнд хэдэн төгрөг зарцуулсан бэ?

 

-Тийм ээ, өвлийн улиралд автобусны цонх цантаж, гаднах орчныг харахад зорчигчдод хүндрэл үүсдэг. Автоматаар зогсоол зарлах систем нь энэ асуудлыг арилгахаас гадна харааны бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлж байгаа юм.  Энэ системийг суурилуулах ажлыг “Улаанбаатар смарт карт” компанийн хамт олон хариуцан хийсэн. Тээврийн газраас, нийслэлээс ямар ч зардал гараагүй.

 

Р.Ренчиндулам

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сологосын хар утаа хаядаг автобус, Жолооч нь утсаа илж таалж автобусаа Мөлхүүлнэ. Мөлхөө автобусны үйлчилгээг халья.
2017-10-05
Зочин:
Хотын нийтийн тээврийн одоогийн энэ их бүдүүлэг үйлчилгээг автобус нэртэй хэмхэрхий тэргэнцэрүүдтэй нь хамт хог дээр хаях аль хэдийнээ болсон шүү.
2017-10-05
Зочин:
Энхтайваны өргөн чөлөөнд явах хурдыг хэлсэн бн даа
2017-10-05
Зочин:
шаадаг гөлөг вэ нисэх яармаг ер нь тэр зүгийн автобус 80км цагын хуртдай явдаг шүү нохойн бөөскөө...
2017-10-05
Зочин:
Энхтайваны өргөн чөлөөнд явах хурдыг хэлсэн бн даа
zochin:
Avtobusnuudiin gargaj baigaa aimaar ih utaag yah veee? uuniig shiidehgui bol hot utaagui bolohgui shuu dee
2017-10-05