Т.Мандхай: Сэтгэцийн эмгэг 10 дахин нэмэгдсэн
2017-10-10

Өнөөдөр "Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр". Энэ өдрийг дэлхий нийтээрээ "Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэнд" уриан дор тэмдэглэж байна. Манай улсад сэтгэцийн эрүүл мэнд ямар байгаа талаар СЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, сэтгэцийн эмч Т.Мандхайтай ярилцлаа.

 

-Манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ямар байна вэ?

 

-СЭМҮТ-ийн 2013 онд хийсэн суурь судалгааны үр дүнгээс харахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн гэсэн цочирдмоор үр дүн гарсан. Нийгмийн хөгжил нэмэгдэхийн хэрээр сэтгэцийн эмгэг ихэснэ гэдэг зүй тогтол байдаг. Гэрээсээ гараад  алхахад л манай улсын иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ямар түвшинд байгаа нь хүн бүхний нүдэнд ил харагддана. Наад зах нь замын хөдөлгөөнд ямар байдалтай оролцож байгаагаас харагддаг. Нэг жишээ дурдъя. Багш нар дадлагын хичээл дээр оюутнууддаа архины цагаан солиотой эмчлүүлэгч олж, үзүүлэх гээд олдохгүй, хаа нэг ирвэл бараг алтан боломж тохиож оюутнууд нь тэр хүнийг бүгд очиж үздэг байсан гэж ярьдаг байсан. Одоо энэ байдал бүхэлдээ эсрэгээрээ өөрчлөгдсөн. 30 хүрээгүй сайхан залуучууд архинд донтох эмгэгийн улмаас архины цагаан солиотой нь илрээд манай эмнэлгээр эмчлүүлээд гарах тохиолдол маш их болсон. Мөн сүүлийн жилүүдэд өсвөр насныхны дунд амиа хорлох үзэгдэл, дэлгэцийн дон, мансууруулах сэтгэц идэвхит эм бодисын хэрэглээний асуудал тулгамдсан, анхаарал хандуулах асуудал болоод байна.

 

-Хүмүүс идэх хоолондоо анхаардаг мөртлөө сэтгэл засал дээр анхаардаггүй. Сэтгэц эрүүл байхын ач тусыг дурдахгүй юу?

 

-Тийм ээ, үүнтэй 100 хувь санал нийлж байна. Дахин нэг жишээ дурдъя. Миний бөөр өвдлөө гэж бодоход би эмчилгээгээ зохих түвшинд хийлгээд явбал ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой. Гэтэл сэтгэл гутрал түгшилттэй, айдсын эмгэгтэй хүнд энэ боломж хязгаарлагдмал байдаг. Эндээс харахад хүний сэтгэцийн эрүүл мэнд гэдэг хичнээн чухал болох нь харагдах болов уу. Монголын ард түмэн “Хүн гэдэг сэтгэлийн амьтан” гэж их ярьдаг. Үүнтэй холбоотой гэж боддог. Нэг үеэ бодоход сэтгэцийн эрүүл мэндийг анхаардаг, сонирхдог, судалдаг, нийгэм сэтгэцийн эрүүл мэнд чухлыг хүлээн зөвшөөрдөг цаг үе ирсэн байна.

 

-Ихэвчлэн ямар асуудал сэтгэцийг гэмтээж байна вэ?

 

-Сэтгэцийн эмгэгт хүргэж болох нийгэм, биологи, сэтгэлзүйн гэсэн үндсэн гурван бүлэг хүчин зүйлс байдаг. Нийгмийн сөрөг олон хүчин зүйлс, ажилгүйдэл, ядуурал, хүчирхийлэл, архидалт, стресс, биеийн эмгэг гэх мэтчилэн олон зүйлс нэрлэж болно.

 

-Сэтгэцээ эрүүл байлгахын тулд хэрхвэл зохимжтой вэ?

 

-Сэтгэцээ эрүүл байлгахын тулд дасан зохицох чадвартай бие хүн байх хэрэгтэй. Зовлон, жаргал, баяр, гунигт сэтгэлээ хэтэрхий дэнслүүлээд байхгүй, аль алийг нь зүй зохистой шийдвэрлээд сурах хэрэгтэй. Жаргалдаа ташуурч, зовлондоо живэхгүй байхад суралцах хэрэгтэй. Мөн стрессээ тайлах ур чадварт хүн бүр өөр өөрийнхөө хэмжээнд суралцах хэрэгтэй.

 

-"Дэлхийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Өдөр" -ийг дэлхий нийтээрээ "Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэнд" уриан дор тэмдэглэж байна. Манайд энэ асуудал ямар байна вэ. Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах вэ?

 

-Энэ жил манай улс 18 дах жилдээ тус өдрийг тэмдэглэж байна. Монгол улсад 2009 онд хийсэн “Эмч, сувилагч нарын ажлын байрны стресс” суурь судалгааны үр дүнгээс харахад "Эмч, сувилагчдын 73.3 хувь нь ажлын хэт ачааллаас үүдэн ажлын байрны стресст өртдөг байна" гэсэн байдаг. Ганц эрүүл мэндийн байгууллага гэхгүй байгууллагуудад тодорхой хэмжээнд энэ асуудал байгаа. Бид өдрийн хэдэн хувийг ажил дээрээ өнгөрүүлж байгаа билээ.  Тийм болохоор ажлын орчинд сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах нь чухал. Мөн ажлын орчинг сэтгэцийн эрүүл мэндэд ээлтэй, дэмжсэн орчин бүрдүүлж ажиллахыг ДЭМБ–аас зөвлөж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд ч энэ тухай тодорхой заалт орсон байдаг. Жишээ нь, олон байгууллагууд манай эмнэлгийн эмч нараас “Ажлын байрны стресс” гэсэн сэдвээр сургалт авч байна.

 

Иргэн өөрөөсөө дараах асуултуудыг асуугаад үзэх хэрэгтэй. Үүнд “Би ажилдаа сэтгэл хангалуун байдаг уу”, “Юуны тулд би ажиллаж байна вэ”, “Яагаад заавал энэ байгууллагад би ажиллаж байна вэ”, “Надад тулгараад байгаа асуудал шийдэгдэх боломжтой юу”. Хэрэв таны хариултууд сөрөг байвал танд аль хэдийнэ "Ажлын байрны стресс" тулгарчээ хэмээн ойлгож тодорхой арга хэмжээ авахыг зөвлөж байна. Өөрийгөө өөрчлөх, амьдралдаа шийдвэртэй алхам хийх боломж хүн бүрт бий. Сэтгэц эрүүл бол бие эрүүл гэдэг шүү дээ.

 

Р.Ренчиндулам

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
mongoliin tord zov hymyysiig suulgaj baihgui bol amdraliin erheer, bolomj haalttain erheer mongoliin ard tymen ustaj duusah ni !!!!!
2017-10-10
irgen:
ene byhen chin yaduurliin ovchin
2017-10-10
Зочин:
юу ч хийхгүй байгаа удирдлагыг солимоор юм
2017-10-10
Зочин:
Хүн амынхаа сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр та юу ч хийхгүй байна. Тэмдэглэлт өдрөөр ёс төдий ярилцлага өгч харагдах юм. Өдөр тутмын үйл ажиллагаагаа хүртээмжтэй болгомоор байна. Статистик тоон мэдээ ярихаас өөр танин мэдэхүйн, мэдлэг, хандлагыг өөрчилсөн нэвтрүүлэг, мэдээ мэдээллийг ард иргэддээ хүргэх ажил хомс байна. Хотоос зүүн захад ажиллахаа болиод улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулмаар байна СЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд
2017-10-10
Зочин:
Монголчууд бүгд сэтгэцийн өвчтэй
2017-10-10