Филиппинийн Ерөнхийлөгч хар тамхичдыг ангуучлахаа зогсоолоо
2017-10-13

Филиппинийн Ерөнхийлөгч хар тамхины эсрэг тусгай ажиллагаагаа цуцлах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар талаар “www.dailymail.co.uk” мэдээлжээ.

 

 

Филиппинийн Ерөнхийлөгчөөр Родриго Дутерте сонгогдсноос хойш тус улсад чимээгүй, амар тайван өдөр тохиосонгүй хэмээн барууны хэвлэлүүд онцолж байна. Нэрнийхээ өмнө “Шударга, үнэнч, хатуу” гэх үгийг бичүүлдэг тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдоод хуулийн гадуур амьдардаг иргэдийн хувьд хар дарсан зүүд, “тамын элч” болжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дутерте “Хэрвээ би Ерөнхийлөгч болбол эхний ээлжинд улсаа хар тамхичдаас чөлөөлөх болно. Дараа нь биеэ үнэлэгчид, хулгайчид. Энэ улсыг цэвэрлэх хүртэл би хэнээс ч эмээхгүйгээр үйл хэргээ үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн юм. Ард түмэн түүнийг дэмжиж Ерөнхийлөгчөөр сонгосон билээ. Иргэд шинэхэн төрийн тэргүүнээ амлалтаа биелүүлэх эсэхийг харах л үлдээд байсан юм. Филиппин хар тамхины хэрэглээгээрээ Ази тивдээ нэгдүгээрт бичигддэг. Өсвөр насныхан хар тамхинд донтох болсон нь тус улсын эрх баригчдын “толгойны өвчин” болоод байна.

 

Ерөнхийлөгч тангарагаа өргөж, маргаашнаас нь хар тамхичдын эсрэг тусгай ажиллагаа явуулах болсон. “Хар тамхины хэрэглээ “тэг” болох хүртэл энэ тусгай ажиллагаа үргэлжлэх болно” хэмээн Цагдаагийн удирдлагууд мэдэгдэж байсан ч өчигдөр Ерөнхийлөгч уг тусгай ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа.

 

 

Ингэснээр хар тамхины эсрэг тусгай ажиллагаа явуулж байсан тусгай агентлаг өнөөдрөөс татан буулгав. Уг тусгай агентлаг 1800 орчим ажилтантай билээ. Энэ ажилтнууд 160 мянган цагдаагийн ажилтнаас сонгогдсон юм.

 

15 сарын турш үргэлжилсэн тусгай ажиллагааны үеэр 3850 хүн амиа алдсан гэнэ. Амиа алдагсад бүгдээрээ “хар тамхитай гүн холбогдсон хүмүүс байсан” гэв. Энэхүү тусгай ажиллагааг цуцалж буй гол шалтгаанаа Дутерте тайлбарлаагүй ч “Шаардлагатай гэж үзвэл хар тамхичдыг ангуучлах ажил маргааш ч үргэлжлэх болно. Та бүхнийг хянах хяналтаа улам чангаруулах болно” гэж мэдэгджээ. Гэхдээ дээр дурдсан тоо баримт бодит байдалтай зөрчилдөж буйг хэвлэлийнхэн онцлов. “Хар тамхины улмаас 6000 орчим хүн амиа алдаж, хагас сая хүн хоригдож, 10 мянган хүн албадан эмчилгээ хийлгэж байна” хэмээн сэтгүүлчид мэдээллээ.

 

Цагдаагийнхан өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн Манила хотыг хордуулж буй хар тамхичидтай тэмцэж эхэлсэн. Ерөнхийлөгч тэдний эсрэг хүч хэрэглэх, шаардлагатай гэвэл гал нээхийг зөвшөөрсөн нь ард түмнийг хоёр хуваахад хүргэжээ. Нэг хэсэг нь Ерөнхийлөгчийнхөө үйл хэргийг дэмжиж байсан бол нөгөө хэсэг “Хүний эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн буруутгаж эхэлсэн. “Ард түмэн хэдэн хэсэг болсон ч би зорилгоосоо буцахгүй” гэж Ерөнхийлөгч мэдэгдсэн билээ. Цагдаагийнхан хар тамхичдын олноороо амьдардаг нийтийн байр, шөнийн клуб, дэн буудал руу дайран орж, мансуурсан бүхнийг баривчилж, эсэргүүцэл үзүүлсэн бүхэн рүү сануулга өгөхгүйгээр гал нээж эхэлжээ.

 

Хар тамхичдын эсрэг явуулж буй энэхүү ажиллагаа анхандаа иргэдэд таалагдаж байсан ч сүүлдээ залхаж цаашлаад айж эхэлсэн юм. Учир нь цагдаагийнхан эрх дураараа аашилж, замдаа тааралдсан, эсэргүүцэл үзүүлсэн нэгэн рүү гал нээж эхэлжээ. Манила хотын гудамжаар цогцос хөглөрч, иргэд дайны үед амьдарч буй шиг айх болсон юм. Хар тамхины эсрэг ажиллагаа нэрээр халхлагдсан аллагаа зогсоохыг НҮБ-ын Хүний эрхийн байгууллага мэдэгдэж, “Нэн даруй уг ажиллагаагаа зогсоохгүй бол бид Филиппинийн эсрэг шат дараатай хориг тавьж, шахалт үзүүлэх болно” гэж хэлжээ. Ихэнх орнууд НҮБ-ын үгийг хууль мэт хэрэгжүүлдэг. Зарим нь эсэргүүцэл үзүүлдэг ч НҮБ-ын сүр хүчээс эмээдэг гэхэд болно.

 

Харин Дутерте НҮБ-аас айх бус “Тусгаар улсын асуудалд хөндлөнгөөс бүү оролц. Та нар намайг сүрдүүлж чадахгүй. Та нарын үг миний үйл хэргийг зогсоож бас цуцалж чадахгүй” гэж мэдэгджээ. Уг мэдэгдлийн хариуд НҮБ, “Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол таныг шүүхэд өгөх болно” гэсэн байна. Ерөнхийлөгч “Хэрвээ шаардлагатай гэж үзвэл Филиппин НҮБ-аас гарах болно. Бидэнд алдах зүйл байхгүй” гэж мэдэгдсэн удаатай.

 

Хар тамхичдын эсрэг тэмцлээс болж Филиппинийн хар тамхи, зэвсэгт бүлэглэлүүд Ерөнхийлөгчөө заналхийлж, толгойг нь 100 мянган ам.доллароор үнэлсэн билээ.  Өнгөрсөн хугацаанд цагдаагийнхан Ерөнхийлөгчийг заналхийлсэн олон дуудлага, захиа хүлээн авсан тухайгаа мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энхболд их юм хийх байсан гэнэ үү ха ха Ямар хачин зүйл бичээ вэ энд доор нэг мал
2017-10-15
zochin:
amerkuud eersdee har tamhinii asuudalaa shiidvel yas.n
2017-10-14
Зочин:
Хар тамхины ая тусыг ойлгосон юм бол уу?
2017-10-13
Иргэн:
Дутертэ шиг хүн л монголд хэрэгтэй байна. Уул нь М.Энхболд ихийг хийхээр төлөвлөж байсанбайх харамсалтай нь монголын тэнэг хүмүүс түүний эсрэг их дайралт хийж Ерөнхийлөгчөөр сонгосонгүй. Баттулга бол зүгээр л хилмэгдүүлэх юм л хайж байнашдээ. Аргачгүйлдээ. түүнд өөр зам байхгүй.
2017-10-13
Зочин:
НҮБ,АНУ ӨӨРСДӨӨ ХАР ТАМХИ ДЭЛГЭРҮҮЛЖ,КОЛОНЧИЛДОГ ЮМ БИШ ҮҮ
2017-10-13