Өсвөрийн бадминтончид холимог багийн төрлөө дуусгалаа
2017-10-13

Монголын өсвөрийн бадминтоны баг Индонези улсын Ёгякарта хотноо болж буй холимог багийн болон ганцаарчилсан төрлийн дэлхийн аваргад оролцож байгаа билээ. Тэмцээн 10 сарын 9-өөс холимог багийн төрлөөр эхэлсэн юм. Уг төрөлд манайх H1 хэсэгт багтсан.

 

Манай хэсэгт Индонез болон Бразилын багууд байсан юм. Уг хоёр багт манайх хоёуланд нь 5-0 гэсэн үнэлгээгээр хожигдсон байна. Улмаар плэй оффт буюу чансаа тогтоох өөрөөр хэлбэл 41-44 дүгээр байранд чансаа эзлэхийн төлөөх тоглолтоо Сальвадорын багтай тоглосон тоглолтоор эхлүүлж 3-1 харьцаатай хожигдсон. Үүнийхээ дараа Непалын багтай тоглож 5-0 харьцаатай ялагдал хүлээжээ. Ингээд өчигдрийн хамгийн сүүлийн тоглолтыг Армен улсын багийг 3-2 харьцаагаар хожсоноор анхны хожлоо авсан бол өнөөдөр Чехийн багт 5-0 харьцаатай хожигдсон байна.

 

Харин уг тэмцээний шөвгийн дөрөвт БНСУ, Малайзын багууд учраа таараад байгаа бол нөгөө талд нь Япон болон БНХАУ-ын багууд оноолтоор тоглохоор болоод байгаа юм.

 

Тэмцээний ганцаарчилсан төрлүүд холимог багийн төрлийн дараа эхэлж 22-ийг хүртэл үргэлжлэх хуваарьтай байгаа. Медалын төлөөх тоглолтууд Индонезийн цагаар өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ.

 

Холимог багийн тэмцээний дүрмийг танилцуулахад эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос, эрэгтэй хос, эмэгтэй хос гэсэн нийлбэр 5 тоглолт хийж багийн дүнгээр аль улсын баг тамирчид олон хожил авсан нь хождог дүрэмтэй юм. Улмаар хэсэгтээ 2 тоглолт хийх бөгөөд хэсэг болгоны чансаа өндөр багууд бусад хэсгээс шалгарсан чансаа өндөр багуудтай аваргын төлөө тоглох эрхтэй болдог бол, чансаа доогуур багууд нь байрлал ттогтоох тоглолтыг хийдэг байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин