2018 оны Тур де Франс уралдааны замыг танилцууллаа
2017-10-19

 

Манай гаригийн хамгийн нэр хүндтэй мэргэжлийн дугуйн уралдаан болох Тур де Франс ирэх 2018 онд 105 дахь удаагаа зохиогдоно. Тэгвэл уралдааныг зохион байгуулагч Амаури Спорт байгууллагаас өчигдөр 2018 оны уралдааны маршрутын танилцуулсан байна.

 

Парис хотод болсон энэхүү арга хэмжээнд уралдааны түүхэн ялагчдаас эхлээд Элит ангиллын багуудын төлөөлөл зэрэг олон тооны зочид хүрэлцэн ирсэн байна.

 

Ирэх 2018 оны Тур де Франс уралдаан 7-р сарын 7-29-ийг хүртэл үргэлжлэхээр болжээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 7 хоногоор хойшлуулсан хугацаа юм. Учир нь ирэх онд ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ зохигдож учраас зохион байгуулагчид хуваариа зөрүүлэхийг хичээсэн байна.

 

Уламжлал ёсоор 21 шатны уралдааныг тамирчид хийх бөгөөд гол нь 2 амралтын өдөр багтсан аж. Тамирчид энэ өдрүүдэд нийт 3329 км замыг туулж уралдах болсон нь 21 дүгээр зуун гарснаас хойших хамгийн богино уралдаан болж байгаа аж. Энэхүү маршрутыг уралдааныг дүрмийн өөрчлөлттэй шууд холбож байгаа бөгөөд ирэх оноос эхлэн баг тус бүр 8 тамирчинтай уралдахаар болсон билээ. Өөрөөр хэлбэл 198 биш 176 дугуйчин уралдаанд оролцох тул уралдааны замыг богиносгох шийдвэр гаргажээ. 

 

Жил бүрийн Тур де Франсын нээлтийн гараа хаана болох эсэх нь анхаарал татдаг сэдэв. Сүүлийн хэдэн жил дараалан гадаад орнуудаас улсаас эхлэж байсан тус уралдаан ирэх жил Франц улсад гараагаа хийх болжээ. Тодруулбал Францын усан тээвэр, газар тариалангын гол бүс нутаг болсон Вэнди мужид нээлтийн гараанууд болох аж.

 

Хуваарьт багтсан 21 шатыг хэв шинжээр нь ангилвал тэгш замын 9 гараа, хагас уулын замд болох 4 гараа, өндөр уулын бүсэд болох 6 гараа багтснаас гадна хувийн болон багийн цуваа гараа тус бүр 1 болохоор тусгагдсан байна.  

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин