Чанаргүй барилга хүлээж авсан зөрчил их байгаа
2017-10-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БХБ-ын сайдад Х.Баделханыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэр дэвшигч гишүүдийн асуултад хариулж байгаа юм. 


УИХ-ын гишүүн О.Баасанхүү:


-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга байшин баригдах уу. “Эрин” компани Хөгжлийн банкнаас 260 сая төгрөг авсан байна. Нэг өдрийн дотор авчээ. Төрөөс хулгай хийдэг концесс, тендэр, Засгийн газрын тогтоол гэсэн гурван боломж байна. Улсын комисс аваагүй барилгуудыг улс худалдан авсан нь гэмт хэрэг шүү. 8 хувийн ипотекийн зээлийг яаж үргэлжлүүлэх вэ? Түрээс төлөөд насаараа өрөнд байж байх юм. Улс өөр замаар зохицуулах боломж байна уу? Цэвэрлэх байгууламж хэзээ ашиглалтад орох вэ?


-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн барилгын стандарт гэж байдаг. Барилгын зураг төсөл хийсэн үеэс тусгадаг. Тусгай журамтай. Улсын хэмжээнд нийтдээ 7000 орчим барилгын компанид 95 мянган хүн ажилладаг юм байна. Барилга бол  том салбар. Өнөөдөр зогсонги байдалд орсныг хүлээн зөвшөөрнө. Концессийг олон зүйлд хийгдсэнээр өрөнд оруулсан. Барих, ашиглах, шилжүүлэх концессийг шаардлагатай үед зөвшөөрнө. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг энэ чиглэлд тендэр зарласан. Францын компани санал гаргасан. Хөрөнгийн эх үүсвэрийг олоод ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй.  Орон байртай болгоход цаашид анхаарна. Ипотекийн зээл хэрэгжсэнээр нийтдээ 92 мянган иргэн орон сууцтай болсон. 4.1 их наяд төгрөгийн зээл олгосноос 95 хувь нь эргэн төлөлт найдвартай байна. Ипотекийн зээлийг боловсронгуй болгоход анхаарна. Энэ онд ипотекийн зээлд Монгол банк 110 тэрбум, улсын төсвөөс 300 тэрбум төгрөг нийтдээ 10 мянга орчим байрыг иргэд авчээ. 


УИХ-ын гишүүн Н.Учрал:


-Чанаргүй барилгыг мэргэжлийн хяналт хүлээж аваад байна. Үүнд БХБ-ын сайд анхаарч ажиллаарай. 


-Таны иргэдийг дэмжиж байгаа. БХБЯ бодлогоо барьж байгаа. Чанаргүй барилгыг хүлээж авсан зөрчил маш их байгаа. Энэ үндсэн дээр манай яам хот байгуулалтын хуулийг шинэчлэн найруулахаар ажиллаж байгаа юм байна. 


УИХ-ын гишүүн А.Сүхбат:


-Төв цэвэрлэх байгууламжийг яах вэ. Хот өмхийрч байна. Олон улсын нисэх онгоцны буудлын ажлыг шуурхайлах хэрэгтэй байна. 


-Зам талбайн ус төв цэвэрлэх байгууламж руу орж байгаа юм байна. Төв цэвэрлэх байгууламжийн зураг төсөл гарсан. Нэлээн боломжийн зураг төсөл гэж манай яамныхан үздэг юм билээ. Хамгийн гол нь гарсан метан хийгээр эрчим хүч гаргах юм билээ. Мөн саарал усыг боловсруулаад дахин ашиглахаар зураг төсөлд тусгагджээ. Энэ барилга нэг удаа концессийн тендэр зарлагадаад авах эзэн олдоогүй. Тийм учраас хөрөнгийн асуудлыг шийдэх хэрэгтэй юм билээ. 


Хөшгийн хөндийн онгоцны буудлын асуудлыг судалж үзээд хариу өгье. 


УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:


-Улаанбаатар хотод барилга барих гэхээр газар байхгүй гэсэн тайлбар хийгээд хэсэг хугацааны дараа боломжтой болгодог. Энэ бүхнийг цэгцлээрэй. Гэр хорооллыг барилгажуулах ажил дээр танд ямар санаа оноо байна. Инженерийн шугам сүлжээ тавих үүргээ улс биелүүлэхгүй байна. 150 ам.метрээс дээш барилга барих гэхээр боломжгүй гээд салбарынхан  дэлхийн жишгээс давсан норм стандарт хэлдэг. Энэ тал дээр анхаараарай. Улаанбаатар хот хаашаа тэлэх вэ? Шинэ онгоцны буудал руу тэлэх бүрэн боломж байна. Тэд зам, газар нь улсын мэдэлд. Цөөхөн хүн амтай дүүрэг барих боломж байна. 


-Хүнд суртал байна гэдгийг  мэдэж байна. Ялангуяа зөвшөөрөл өгдөг шатандаа байгаа хүнд сурталд анхаарал тавьж ажиллана. Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр төсөл хэрэгжиж байгаа юм билээ.  Хотын төвийн хэсгийн гэр хорооллыг барилгажуулна.  Гэр хорололд халуун, хүйтэн ус, дулаан дэд бүтцийг шийдэж өгөх нь төрийн үүрэг. Үүнийг дэмжиж ажиллана. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин