”Үдийн хоол” хөтөлбөрт болгоомжтой хандана
2017-10-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмааг томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэр дэвшигч гишүүдийн асуултад хариулж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

 

-БСШУСЯ том яам. Бодлогын хувьд  том өөрчлөлт хийгдээд явж байгаа. Энэ шинэчлэл өөрчлөлтийг хийхэд салбарт ажиллаж байгаа эрдэмтэн багш, мэргэжилтнүүдийн үнэлгээ дүгнэлтийг сонсох хэрэгтэй. Ер нь боловсролын салбарт хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Их, дээд сургуулийнхаа дотоод асуудал руу их ордог. Гэр хорооллын боловсролын салбарыг анхаарах хэрэгтэй. Төрийн бодлогын гадна орхигдох гээд байдаг. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн 21 хороонд нэг ч сургууль , цэцэрлэг алга. Асуудлыг өмнө сайд болон нийслэлийн Засаг даргатай ярилцаж  шийдэж өгөөч.

 

УИХ-ын гишүүн С.Батболд:

 

-Ц.Цогзолмаа гишүүнийг дэмжиж байна. Асуудлыг зөв харж шийднэ гэж найдаж байна. Хүмүүс аливаа улсын хөгжлийн гарц гэж ярих дуртай. Бидний барих зарчим бол өрсөлдөх чадвартай Монгол хүнийг бэлтгэх юм. Олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг 2010 онд боловсруулаад эхлүүлж байлаа. Гэтэл үүнд улс төрийн өнцгөөс хандсанаас хэсэгчилсэн хэлбэрээр явсан. Энэ бол тухайн орны онцлогийг тусгасан үндэсний хичээл байлаа. Байгалийн шинжлэх ухаан, гадаад хэл л кембрижийн хөтөлбөрөөр явдаг байлаа. Бид урагшаа харж явах ёстой. Багшийн ажлыг үнэлэх системийг хөндлөнгийн үнэлгээнд оруулдаг байхаар хөтөлбөрт тусгасан. Хүүхдийн сурлагын үзүүлэлт өндөр гарвал багшийн цалинг нэмэх асуудлыг судлах хэрэгтэй. Эцэст нь Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айл өрхийн хүүхдүүдийн  гурван ээлжээр хичээллэдэг сургуульд явж байна. Тиймээс сургууль байгуулах асуудалд анхаарлаа хандуулаарай.

 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа:

 

-Өнөөдөр “Өдрийн хоол”-ны асуудал хүүхдүүдэд хэрэгтэй байгаа. Үүнд хэр ахицтай хандах вэ?

 

-“Үдийн хоол” хөтөлбөр дээр болгоомжтой хандана. Хүүхдүүд сургууль дээрээ хоолны хордлогод бөөнөөрөө орсон тохиолдол гарсан. Зарим сургууль дээр эхлээд туршилт хийх хэрэгтэй. Ямар орцтой, ямар норм, нормативаар явахыг зохицуулах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Байгалийн түүхийн музейг мэргэжлийн хяналт цаашид ажиллах боломжгүй гээд хаасан. Энд 13 мянга гаруй үзмэр байгаа. Энэ музейн завсарын ажлыг урагшлуулах хэрэгтэй байна. МҮБХ 1990 онд байгуулагдсан. 27 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ холбоог нэг хүн л удирдаад яваад байна. Бөхийн өргөө төр, ард түмний хандиваар боссон. Энэ өргөө төрдөө тайлангаа тавьдаггүй. Хувийн компани шиг л яваад байна. Бөхийн нэр хүнд ч уналаа. Энэ асуудлыг цэгцлэхэд анхаармаар байна.

 

-Байгалийн түүхийн музейн асуудлыг ажлаа аваад очиж сайн судалъя. Музей бол аялал жуулчлалын үнэт өв. Монголын үндэсний өв уламжлалыг гадаад дотоодынхонд сурталчилдаг. Төрөөс цалин аваад ажилладаг биеийн тамир,спортын 500 гаруй ажилчдын 50 хувь нь үйлчилгээний ажилчид. Тиймээс энэ асуудалд анхаарлаа хандуулна. Үндэсний спорт болох бөхийн асуудалдаа судалж байгаад хариу өгье.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьсаны дараагаар чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.  

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
САЙДАД:
ТАНЬД БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ.ЭХНИЙ АЖИЛ ЧН САЛБАРЫНХАА БАГШ НАРТАЙ УУЛЗАЖ ЦАЛИНГ НЭМЭХЭД АНХААРААРАЙ .СҮХБААТАР БОЛОН НИЙСЛЭЛИЙН ЗАХЫН ГЭР ХОРООЛЛЫН СУРГУУЛИУДДАА ИЛҮҮ АНХААРАЛ ХАНДУУЛААРАЙ ЯАГААД ИГЭВЭЛ НЭГ СТАНДАРТ ХӨТӨЛБӨРӨӨР ХИЧЭЭЛЛЭДЭГ Ч ҮНЭЛГЭЭ ҮНЭЛЭМЖ АЧААЛАЛ НЬ ИЛҮҮ ХҮНД БАЙДАГ ШҮҮ.АЖИЛЧИН ЗАЛУУЧУУДЫН ЭЭЛЖИЙН АХЛАХ СУРГУУЛИЙГ БАЙРТАЙ БОЛГОЖ БҮХ ТАЛААР ДЭМЖИХЫГ ХҮСЬЕ САЙДАА.
2017-10-19
сурагчийн ээж:
600 төгрөгний зардалд ямар амин дэмтэй хоол өгөх вэ дэ .Утгагүй олон их сургуулиа цөөрүүлээч арын хаалгаар магадлан итгэмжлэх аваад эцэг эхчүүдийг шулж байгааг нягтлаач
2017-10-19
Их сургууль:
Идэж уухын донтой, ёс зүйгүй хүмүүс их, дээд сургуулиудад дүүрсэн шүү. Намынхаа арай гайгүй ёс зүйтэй хүмүүсээ тавьж болдоггүй юм уу
2017-10-19
Иргэн:
Боловсрол руу улс төр их ордог болсон. Сайд дарга нарын хамаатан садангуудаар их, дээд, дунд сургуулиудын удирдлага нь дүүрсэн шүү. Чанар улам муудаж, жирийн багш ажилтны идэвх зүтгэл маш их буурсан
2017-10-19