Хар тамхи хэрэглэдэг хүн насан туршдаа зовдог
2017-10-20

“Залуусаа нэмье” өдөрлөгт “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг” хүрэлцэн ирсэн нь анхаарал татав. Тиймээс нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Ш.Лхагвасүрэнтэй цөөн хором ярилцлаа.

 

-Залуусын дунд хар тамхины хэрэглээ ямар байна вэ?

 

-Манай байгууллага Монголын Залуучуудын холбоотой хамтран ажиллаад нэг жил орчим болжээ. Энэ хугацаанд бид хэд хэдэн ажил хамтран хийсэн. Ажил маань их үр дүнтэй байгаа. Өнгөрсөн онд 1000 хүнээс судалгаа авахад  50  оюутан хар тамхи хэрэглэдэг гэдэг нь тогтоогдсон. Үүнээс дүгнэхэд оюутан залуусын дунд хар тамхины хэрэглээ өсөх хандлагатай байна. Манай улсад энэ талаарх үндэсний хэмжээний судалгаа байдаггүй. Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацааанд хар тамхины 388 гэмт хэрэгт 1112 хүн холбогдсон байдаг. Харин манай байгууллагын судалгаагаар 6200 хэрэглэгч бий.

 

-Хар тамхи хэрэглэх болсон шалтгаан нь юутай холбоотой байна вэ?

 

-90 орчим хувь нь өөрийн сонирхлоор хар тамхи хэрэглэсэн байдаг. Өвчний улмаас хэрэглэсэн тохиолдол бий ч энэ нь 10 хувийг эзэлж байна. Өсвөр үеийнхний дунд явуулсан судалгаагаар 2000 хүүхдээс 463-д нь хар тамхи хэрэглэж үзэх санал ирсэн байдаг. Өсвөр үеийнхний сониуч занг ашиглан хар тамхинд оруулах гэсэн санаархал. Тиймээс ийм саналд “Үгүй” гэж хэлэх хэрэгтэй.

 

-Хар тамхи эрүүл мэнд, эдийн засагт хөнөөлтэй гэдгийг мэдсээр байж яагаад хэрэглээд байдаг юм бол?

 

-Хар тамхи нь хүний сэтгэцэд нөлөөлнө. Эрүүл мэндэд маш хортой. Архи, тамхинаас 60 дахин их хортой. Мөн хар тамхи хэрэглэсэн хүний хүүхэд ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй төрдөг. Манайх хэрэглэгч хүнтэй харьцдаг болохоор ийм хүний зовлонг сайн мэднэ. Хар тамхи хэрэглэдэг хүн насан туршдаа өөрөө зовдог. Хар тамхины мөнгөө хэрхэн олох вэ гэж байнга бодно, бие, эрхтэн нь гэмтээд өвдөнө. Энэ бүхнээс өөрөө залхдаг. Хар тамхины хор хөнөөлийг хожуу ойлгодог.  Тиймээс анхнаасаа хар тамхи хэрэглэхгүй байх, “Үгүй, хэрэглэхгүй” гэж  хэлэх шийдвэр суулгах хэрэгтэй. Мөн хар тамхи нь эдийн засагт хөнөөлтэй. Өндөр үнэтэй байдаг тул түүнийгээ олох гэж хэрэг зөрчил гаргадаг. Бусдыг уруу татдаг.

 

-Та өндөр үнэтэй байдаг гэлээ. Ойролцоогоор хэдэн төгрөг байдаг вэ?

 

-Хар тамхины тухай мэдээлэл нууцын зэрэглэлтэй байдаг. Ямар бодис байдаг, хэдэн төгрөг байдаг зэргийг мэдээлж болохгүй. Хар тамхины хэрэглэгч болсон хүн өөрт байгаа бүх эд хөрөнгөө зардаг. Гурван удаа байраа зараад гудманд гарсан хэрэглэгч манайд бий. Хар тамхи ядуурал гэдэг зүйлийг бий болгож байна. Хар тамхины хэрэглэгч түүндээ бүх зүйлээ зарцуулдаг.  

 

Р.Дулам

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
niigmiig ayultai zuilees sergiileh ajil eroosoo hiigdehgui baina shdee toriin hemjeend ,,,, ezeg eh, bagsh narch ih muu yuch hiij yarj , tailbarlahgui baina, ezeg eh ni heregledeg bol niigmiin ajiltaanguud medej baih estoi, hyyhdiig ayulaas avrah estoi shdee, chiglesen ajil ih muu baina daa
2017-10-20
!!!!:
Ene hun l ene muu muuhai zuiliin talaar l yarih yum daa demjij tuslaad hergeleeg Taslan zogsooh hor urshgiig ni taniulah arga hemjee awah heregtei b naa
2017-10-20