Дэлхийн цувралд өрсөлдөх багууд тодорлоо
2017-10-23

 

 

Дэлхийн хамгийн нэр хүндтэй бейсболын лиг болох MLB-н шигшээ тоглолт ердөө 2 хоногийн дараа эхэлнэ. Энэ жилийн шигшээд Лос Анжелес Доджерс-Хьюстон Астрос багууд шалгараад байна.

 

Үндэсний лигийн шигшээ цувралд Лос Анжелес Доджерс баг Чикаго Кабстай оноолт таарч 4-1 харьцаатай буулган авсан билээ. Лигийн шилдэг багуудын нэг болох Доджерсийн хувьд сүүлийн 5 жил дараалан дивизоны аварга болж байгаа ч хамгийн сүүлд 1988 онд Үндэсний лигийн аварга болж байсан түүхтэй. Тэд Дэлхийн цувралд өмнө нь 6 удаа түрүүлж байсан бөгөөд хамгийн сүүлд мөн л 1988 онд ялалт байгуулж байсан аж.

 

Харин тэдний  өрсөлдөгч Хьюстон Асторс багийн хувьд Америкийн лигийн шигшээд домогт Нью Йорк Янкисийн эсрэг хүнд хэцүү цувралыг хийсэн. Тэд өчигдөр болсон 7 дахь тоглолтод 4-0 харьцаатай хожсноор түүхэндээ 2 дахь удаагаа Дэлхийн цувралд өрөлдөх эрхээ халаасалсан юм. Астрос өмнө нь Үндэсний лигт харьяалагддаг байхдаа 2005 онд Дэлхийн цувралд шалгарч байсан удаатай. Гэхдээ тэр жилийн шигшээд тэд Чикаго Вайт Сокс багт 4-0 харьцаатай ялагдал хүлээсэн түүхтэй.

 

113 дахь удаагийн Дэлхийн цувралын эхний тоглолт Улаанбаатар хотын цагаар Лхагва гарагийн өглөө болно. Цувралын эхний хоёр тоглолтыг улирлын амжилтаар тэргүүлсэн Лос Анжелес Доджерс баг талбайдаа хүлээн авах бол дараагийн гурван тоглолт Хьюстон хотод болох ажээ.

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин