Орос сэтгүүлч халдлагад өртөж, хутгалуулжээ
2017-10-24

ОХУ-ын нийслэл Москва хотноо үйл ажиллагаагаа явуулдаг “Эхо Москвы” радиогийн редактор Татьяна Фельгенхауэр ажлын байр дээрээ халдлагад өртсөн талаар “www.theguardian.com” сайт мэдээллээ.

 

 

Гэмт этгээд сэтгүүлч бүсгүйн хэвлийн хэсэгт хутгалаад хэргийн газраас зугтаасан аж. Гэхдээ хамгаалалтын ажилтан шуурхай ажиллаж, сэтгүүлчийг гэмтээсэн этгээдийг барьж, цагдаагийнханд хүлээлгэн өгсөн гэнэ.

 

Сэтгүүлч яаралтай хагалгаанд орсон бөгөөд одоогоор ухаангүй байгаа гэнэ. Цагдаагийнхан уг хэргийн шалгаж буй бөгөөд “Өс хонзонгийн сэдэлтэй байж болзошгүй” хэмээн хэвлэлийнхэнд мэдээлэв.

 

 

Тус радиогийн ерөнхий эрхлэгч Алексей Венедиктов “Бид үнэхээр цочирдож байна” гэж хэлжээ.

 

Халдлага үйлдсэн этгээдийг Борис Гритс гэдэг бөгөөд 2012 онд сэтгүүлчтэй ажлын шугамаар танилцсан бөгөөд сүүлийн хэдэн сарын турш сэтгүүлч рүү залгаж, дарамталдаг байсан хэмээн ойрын эх сурвалж өгүүлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин