Бен Стиллер: Дэлгэцээр гардаг шигээ байнга хошигнож явдаггүй
2017-11-03

“Музейн хамгаалагч” Бен Стиллер “Parade”сэтгүүлийн шинэхэн дугаарт ярилцлага өгчээ.

 

 

-Үзэгчдийн хамгийн сайн мэдэх Холливудын жүжигчин, шоу бизнесийн ертөнцөөс хамгийн их ашиг орлого ологчдын нэг болох Бен Стиллер. Уран бүтээлүүдээс нь бид түүнийг тун хөгжилтэй гэдгийг нь мэднэ. Харин бодит амьдралд тэр хөгжилтэй байж чаддаг болов уу?

 

-Бурхан надад хошин шогийн мэдрэмж хайрласан. /Инээв/

 

-Энэ мэтчилэн хүмүүс таниас дандаа хөгжилтэй байхыг шаарддаг нь таныг залхаадаг уу?

 

-Үгүй дээ. Би үүнд огтхон ч дургүйцдэггүй. Та ч бас надад таалагддаг. Таны үзэл бодол надад таалагддаг юм. Зурагтаар харж суухад таны байгаа байдал ч, ярьж байгаа нь ч таалагддаг.

 

-Та хэдийнээс хүмүүсийн дотоод ертөнц рүү өнгийж эхэлсэн юм бэ?

 

-Надад энэ нь таалагддаг юм. Хүмүүстэй ярилцаж, үзэл бодлыг нь сонсох нь надад таалагддаг юм. Тиймээс ч би энд суугаад тантай ярилцаж байна. Өөртөө дэндүү итгэлтэй аажимдаа тэр нь биеэ тоох өвчин болсон хүмүүс л хөгжилтэй байж чаддаг гэж би боддог.

 

-Та нэг удаа “Жүжигчдийн олонх нь биеэ тоосон бас итгэл даадаггүй. Би ч өөрийгөө тэдний гэж боддог. Бид энэ дэлхий дээрх хүн бүрээр хүндлүүлэхийг хүсдэг. Өөрсдийгөө хүндлэл хүлээх гавьяатай гэдгээ бид ажлаараа харуулдаг” гэж хэлсэн?

 

-Хөөх. Би тэгэж хэлсэнээ санахгүй байна. Би ингэж хэлэх үедээ согтуу байсан байх аа. Гэхдээ миний хэлсэн зүйлд үнэний хувь бий. Би ингэж хэлэх гэсэн юм л даа. Хүн бүр адилгүй. Хийж байгаа ажлаа тэд бүгд өөр өөр шалтгаанаар хийдэг. Тэднийг хөдөлгөх хүч нь харилцан адилгүй байдаг гэсэн үг.

 

 

-Таныг гудамжинд явж байхад хүмүүс хэрхэн ханддаг вэ?

 

- Би дэлгэцээр гардаг шигээ дандаа хошигнож явдаг хүн биш.

 

-Та шоу бизнесийн ертөнцөд хүч соригчдын дунд өсөж, хүмүүжсэн.

 

-Тийм ээ.

 

-Энэ нь танд давуу тал болж чадсан уу?

 

-Мэдээж багаасаа шоу бизнесийн талаар мэдлэгтэй болно гэдэг давуу тал болдог. Шоу бизнесийн зарчмууд, тэнд бизнес хэрхэн өрнөдгийг би багаасаа харж өссөн болохоор надад энэ нь ажлаа хийхэд их дөхөм болдог.

 

-Аав, ээж хоёр тань насаараа энэ салбарт зүтгэсэн болохоор танд заавар зөвлөгөө өгдөг байх. Нөгөөтэйгүүр та энд бага насаа үдсэн болохоор танд ямар ч сонголт байгаагүй биз. Яг л нялх балчир насандаа хүсээгүй хүнтэйгээ сүй тавьдаг шиг?

 

-Тийм шүү. Бага, өсвөр нас гээд л миний амьдрал тэр чигтээ шоу бизнесийн ертөнцөд үргэлжилсэн болохоор надад ямар ч сонголт байгаагүй. Учир нь би өөр ертөнцийн талаар юу ч мэдэхгүй юм чинь. Гэхдээ эгч бид хоёрт энэ байдал таалагддаг байсан. Бид заавал 21.00 цагт орондоо орох албагүй. Орой хэд хүртэл ч байж болно. Аав, ээж хоёрын маань ажил ихэвчлэн оройн цагаар өрнөдөг болохоор тэр. Тэд Калифорни явж, эсвэл телевизийн нэвтрүүлэгт оролцоно. Үгүй бол шөнийн цэнгээний газруудад ажиллана. Харин бид энэ ажилд нь их дуртай. Бүр сургуульд явахаас илүү сонирхолтой санагддаг байж билээ.

 

-Таны аав ээж үнэхээр гайхалтай шоу бизнесийн ертөнцөд ажилладаг атлаа ийм удаан хамт амьдарна гэдэг гайхалтай юм. Тэднээс өөр ингэж удаан амьдарсан хос байхгүй байх?

 

-Тэд үнэн сэтгэлээсээ бие биенээ хайрладаг. Нууц нь тэр л байх. Мэдэхгүй юм даа. Одоо тэд яг л нэг хүн шиг болсон. Хамт ажиллаж, амарсан ч хамтдаа. Тэд өдөржин хамт байдаг болохоор ингэж удаан хугацааны туршид хамт байгаа байж ч мэднэ.

 

-Та хүүхдүүддээ өөрийн тоглосон киног үзүүлдэггүй гэсэн. Эсвэл ганц нэг үзүүлдэггүй кино байдаг юм уу?

 

-Үнэндээ тэдэнд миний тоглосон киног үзэх нь сонирхолгүй санагддаг. Хэдийгээр би тоглосон кинонуудаа үзүүлэхгүй гэж хорьдоггүй ч, бас үзээсэй гэж хүсдэггүй. Ялангуяа “Мэригийн тухай” гэх мэт кино үзүүлэх дургүй. Учир нь том маань ердөө л есөн настай, бага нь зургаатай. Харин “Музейд өнгөрүүлсэн шөнө” гэх мэт тэдний насанд тохирсон киног чөлөөтэй үзүүлдэг.

 

-Эцэг хүний үүргээ гүйцэтгэхдээ ажлаа хэрхэн зохицуулж байна вэ?

 

-Ямар ч ажил эрхэлдэг байлаа гэр бүлдээ цаг зав гаргах хэрэгтэй. Хэдийгээр би өөр хотод киноны зураг авахуулж байгаа ч амралтын өдрүүдээр заавал гэртээ харьдаг. Зуны улиралд аль болох гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг хичээдэг. Хамт аялж, зугаална.

 

-Би цөөнгүй удаа инээдмийн жүжигчинтэй ярилцаж байсан. Тэдний ихэнх нь дутагдал ихтэй хүмүүс байсан. Харин таны талаар судалж байхад толбо болчихоор түүх огт байгаагүй?

 

-Би чөтгөрүүдийг хайгаад олохгүй байгаа юм аа. Бидэнд бүгдэд нь дутагдал бий. Би орой бүр тухайн өдрийнхөө үйл явдлыг төдийгүй туулж өнгөрүүлсэн амьдралаа цэгнэдэг.

 

-Та согтууруулах ундаа, мансууруулах бодисны асуудалд холбогдож байгаагүй шүү дээ. Мөн хүүхнүүдтэй ч орооцолддоггүй?

 

-Сайн нууж чадсан байгаа биз. /Инээв/

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин