Жолооч нарын 76 хувь нь суудлын бүсээ хэрэглэдэг
2017-11-07

“Блумберг филантропи” болон хамтрагч байгууллагуудтай нэгдэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амыг халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэхэд үр дүнтэй 10 арга хэмжээний нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн оролцогч талуудын уулзалт өнөөдөр зохион байгуулагдаж байна.

 

  

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын санаачилгаар халдварт бус өвчин болон осол гэмтлийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, нотолгоонд суурилсан арга хэмжээг авч иргэдийнхээ амьдрах болон ажиллах орчныг сайжруулах зорилго бүхий “Эрүүл хотуудын нөхөрлөл”-д Улаанбаатар хот 2017 оны05 дугаар сарын 16-ны өдөр  нэгдсэн билээ.

 

       

Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь зам тээврийн осол гэмтэл юм. Эрүүл мэндийн статистик мэдээгээр осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл нас баралт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. 1990 онд нас баралтын тэргүүлэх шалтгааны тавдугаарт орж байсан бол, 2000 оноос хойш тогтмол гуравдугаарт орж байна.  

 

Сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн осол 6.6 дахин өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 94.4 хувь нь нийслэлд, 5.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Дээрх өсөлтийг энгийн арифметик тооцооллын аргаар бодож үзэхэд 2020 он хүртэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 2015 оноос 3,9 дахин бүртгэгдсэн зам тээврийн осол 3 дахин өсөх магадлалтай байна.

 

 

Зам тээврийн ослын үед учрах гэмтлээс сэргийлэх нэн ач холбогдолтой хэрэгсэл бол хамгаалах бүс, хамгаалалтын малгай юм. 2010 онд Монголын мянганы сорилтын сан- Эрүүл мэндийн төсөл, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх явган зорчигч, жолооч, замын цагдаа нарын мэдлэг, хандлага, дадлын судалгаа”-нд жолооч нарын 65.9 хувь нь урд, хойноо суудлын даруулгатай, жолооч нарын суудлын бүсний хэрэглээ 76, бага насны хүүхэд тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл, даруулгын хэрэглээ 17.1 хувьтай байсан аж.

 

 

Тиймээс энэхүү уулзалтаардамжуулан “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн, шийдвэрлэх юм байна.

 

ЭХ СУРВАЛЖ: http://mon.emg.ub.gov.mn

Shuud.mn
Сонин хачин