Монголын түүхийн ертөнцөөр аялцгаая
2017-11-09

 

Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн маргааш “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах гэж байна. Тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид жил бүр Монголын түүхийн шинжлэх ухааны суурь судалгааны ажил, үр дүнг олон нийтэд хүргэж, сурталчлан таниулдаг уламжлалтай. Өдөрлөг ШУА-ийн I байранд болох аж.



Өдөрлөгийн үеэр хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын өдөр тутмын судалгаа шинжилгээний үйл ажиллагаатай танилцах боломжтой. Мөн эрдэмтэн судлаачдын сүүлийн үеийн судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний ажлын эцсийн болон завсрын үр дүнтэй танилцаж, Монголын түүхийн ертөнцөөр аялах боломжтой.



Энэ үеэр археологичид хамгийн сүүлийн үеийн малтлагаар илрүүлсэн ховор олдворын дээжээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд дэлгэн үзүүлэх юм. Түүнчлэн тус хүрээлэнгийн Баримт мэдээллийн төвийн сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн ховор баримтат кинонуудаас үзүүлэх юм байна.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин