Харанхуй ӨГЛӨӨ
2017-11-10

Том нийтлэлчид маань тус тусдаа мэргэшсэн сэдвээр бичихэд заяагдсан ч юм уу, улс төр бүлэглэлүүдийн дайнд л үг авьяасаа шавхах болж. Бусдыг нь буюу дөрөв дэх засаглалын зайг сошиал идэвхтнүүд эрээн мяраан комментоор нөхөж суух болжээ. Гэхдээ чөлөөт сошиалын хар энерци, сэтгэл хөдлөлийн давалгаанд хаяж болохгүй сэдэв ХҮҮХЭД боллоо.

 

Машинаа дааруулахаас айдаг бид

 

Сүржигнээд байгаа ч юм биш. Амь нас аюулгүй орчинд амьдрах баталгаа нь алдагдсан манай нийгмийн дорой нүүр царай бол ор сураггүй алга болж, хулгайлагдан хохирч буй хүүхдүүд. -9 хэм хүрэхэд гоё машинаа даарах вий гэж  санаа тавьж буй бид 20-30 хэмийн хүйтэнд эзгүй хээр, харанхуй гудамжинд айж алхдаг бяцхан үрсэд автобус унаа шийдээд өгчихгүй байна. Ганц сард тэрбумыг хаяж сонгуульддаг түшээд нь тойргийнхоо холоос  алхдаг хэдэн хүүхдүүддээ ядаж “мууран микро” шийдээд, бензин түлшийг нь зоочихож чадахгүй төсөв баталж сууна. Улс төржүүлээд байгаа юм биш. Энэ ер нь хэний татварын мөнгийг юунд зарцуулахаа булаалдсан төсөв юм бэ. Төсвөөр хөгжөөд сүйд болохгүй ч хүүхдийнхээ аюулгүй орчинд гар татахгүй мөнгө зооход ямар хөшүүрэг, улс төрийн акц хэрэгтэй вэ.

 

 

Хүүхдүүд, улс төрд  л “гоё” сэдэв

 

Хүүхдийн эрхийн асуудлыг хэрэг дуулиан гарах бүрд босгон ирж, дарга нар нь хурлаа шууд дамжуулж суудаг бол цэвэр хэлбэрдэлт. Бодитой төсөв мөнгө батлаагүй байхад хүүхдийн байгууллагууд мөнгөндөө таарсан ажил оромдож, тайлан болчихуйц ажлыг хэлбэрдэн хийхээс өөр сонголтгүй. Хүүхэд хохирсон, хулгайлагдсан, хүчирхийлүүлсэн хэрэг явдал өндөр авсан энэ сард төсөв эрх баригчдын гараас гарч байна. Энэ төсөвт хүүхдийн амь нас зөрчигдсөн эрхийг нь хамгаалахад гээд нэмсэн хэдэн тэрбум хаана нь суусан бэ. Хүүхдийн мөнгөөр хуурай улс төр хийж үг хэлсэн гишүүд, нам эвсэлээс асууя.

 

Дорноговьд алга болсон охин бол ээлжит том дохио, эмгэнэл.  Отгонтэнгэр хайрханд яаран  ниссэн шигээ олуулаа Замын-Үүдэд бууж хуралдвал наанадаж улс төрд чинь хэрэгтэй байдаггүй юм уу.  Нүдэн дээр шахам цагаан талаас хүний охин үр алдагдчихаад байхад Замын-Үүд орчимд  нэн яаралтай онц байдал тогтоож, хилийн шалгалтаа чангалахгүй удааширсан бурууг хэнтэй ярих вэ.Согтуу хужаа андуураад хил давчихдаг цуурхалтай Замын-Үүдийн боомтоор хүүхэд цүнхлээд гарчих зөндөө цагийг алдсан харамсал олон хүнд байна.

 

50 сая ба мэдээллийн шоу

 

Охины  араас хайж зүтгэж буй цагдаа хүчнийхэн эрлийн багынхныг хүндэтгэж байна. Гэхдээ бараг 7 хоносны дараа Эрээний консул нь зуучилсаар сая нэг хятадуудтай хамтарлаа гэж олны уурыг дарсан мэдээ ирж байна. Асуудал олон нийтийн анхааралд орж, өндөр аваад ирэхээр улстөрчид сурснаараа хөдлөөд эхэлж байна. Алга болсон охины талаарх мэдээллийг 50 саяар үнэлнэ гэж тойргийн төлөөлөл Б.Дэлгэрсайхан гишүүн зарлажээ. Энэ оройтсон шагналын хэмжээ, үр дагавар нь эрэлд сайнаар тусах уу, саараар тусах уу гэдгийг цагдаа байсан түшээ сайн мэдэж баймаар. Мөнгөн шагнал өсөх тусам дуулиан шуугианаар далим хийж ашиг цохих гэсэн худал мэдээлэл хэчнээн ирж, тэр бүрийг мухарлах нүсэр ажил цагдаад л дарамт болно. Эрлийн багыг гол ажлаас нь төөрүүлсэн хэчнээн ч бантангийн мэдээллийг мөнгөний төлөө зохиож чадах гуйлгачин сэтгэхүйтэй ядуусаар энэ нийгэм маань дүүрсэн байгаа. Тэр 50 саяараа дараагийн ээлжинд хулгайлагдаж мэдэх хол гэртээ хэдэн хүүхдийг зөөх унааг нь шийдээд өгчихвөл харин цагаан буян болно.

 

Төр шийдвэрлэж чадахгүй бол тарчих хэрэгтэй

 

Хүүхдийн эрхийг хамгаалах бол бүх талаар аюулгүй байдлыг нь хангах гэсэн маш энгийн ойлголт баймаар. Энэ бол эцэг эхчүүд төдийгүй татвар төлөгчдийн өмнө хүлээсэн төрийн том үүрэг. Энэ үүргээ биелүүлээгүй иргэд шийтгэл хүлээдэг хуультай болсон. Төр харин одоо хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж, Их хурал тарчихсан ч жижиг юмнаас боллоо гэхгүй. Үлгэр жишээ, сургамж л болно.

 

Д.Сэржмядаг охины хувь заяа нааштай эргээсэй гэж хүн бүр залбирч байна. Хүүхдийн эрхийг дээдэлдэг улс оронд үр хүүхэдтэйгээ хамт байгаагаа том АЗ гэж хилийн чанад дахь олон монголчууд энэ үед баярлаж сууна. Ийм асуудал дахин давтагдвал орон нутгийн хүүхдийн байгууллагын бүх шатны дарга нар хариуцлага хүлээнэ гэж дөвчигнөх хэрэггүй. Боловсролын сайдыг огцор гэж улстөржүүлэхгүй. Хулгайлагдах, хүчиндүүлэх, осгох, эндэх эрсдэлийг нь харсаар байж бодитой туслаагүй тойргийн түшээд нь ядаж хөдөлж эхлээсэй. Өдий болтол сураггүй болсон олон хүүхдүүдийн амь насны төлөөсөнд төр нөхөн олговор мөнгө өгч, ард нь үлдсэн аав ээжүүдийн нулимсыг нь арчих торгон алчуур нэхсэн улс төр хийх хэрэггүй. Зүгээр л хүүхдийн эрхийг дээдэлж, амь насыг нь баттай хамгаалахад бодитой ажил хийчих.

 

ОУВС яах ч ч үгүй, дэмжинэ

 

Төрийн авлигажсан, харамч төсвөөс хүүхдийн төлөө зориулах мөнгө хумслагдаад, хөлд нь бяцхан үрс хохироод байвал нулимстай шаналсан эцэг эхчүүдийн насны гомдлыг энэ Их хурал тараад ч  төлөхгүй.  Түшээд ард нь ПиАр хийж ажил явдалд нь гэж 100 саяыг өгөөд ч яах юм бэ. 

 

Ахуйн хүрээнд зодуулж, дарлуулж байгааг нь бүгдийг хянаад байх боломжгүй юм бол алхаад явах замдаа хүүхэд хулгайлагдчихгүй байх нөхцөлийг нь төр хангах үүрэгтэй шүү. Нийтийн тээврийн шугамнаас хасагдсан  цэмбэгэр микронуудтай жолооч нарыг орон нутагт нь ажлын байртай болгож хүүхдүүдээ холд нь зөөдөг болоход туслаач, эрхэм түшээд минь. Яг одоо хэлэлцэж буй ирэх оны төсөвт хүүхдийн унааг шийдэх мөнгийг суулгах хэрэгтэй. Энэ бол халамж биш учир ОУВС яах ч үгүй.

 

 

АСЕМ-ийн ганган автобуснууд ба явган хүүхдүүд

 

АСЕМ-аар авсан ганган автобуснууд хүүхдээс өөр ямар хүндтэй зочин зөөх гээд давхар хамгаалалттай хашаанд сул зогсоод  байгааг ч сайд нараас давхар асууя. Энэ сул зогсох автобуснуудыг сум орон нутагт хүүхэд зөөхөд дайчлах шийдвэр гаргаж өгөхийг Ерөнхий сайдад уриалья. 5.5 сая ам долларын 43 автобус Эрдэм трансын хашаанд хашигдаж байгаа сураг байна. Гэтэл ЕБС-ийн 60 000 мянган хүүхдийн 26 000 хүүхэд гэр сургуулийн хооронд хараа хяналтгүй явган гүйж , 8000 орчим хүүхэд аав ээжийн унаанд дайгдан сургуульдаа ирдэг судалгаа байна. Бусад нь нийтийн тээвэрт явж таардаг байх. Нэн түрүүнд сул зогсож эзнээ хүлээж буй АСЕМ-ийн автобусаар Замын-Үүд зэрэг олны хөл ихтэй хилийн боомт, алслагдсан дүүргийн тас харанхуй хорооллын хүүхдүүдүүдийг зөөх юм бол мянга мянган лайк шүү, У.Хүрэлсүх сайд аа.

 

Шийдэл нь амархан

 

2012 оны жижиг тойргоор явуулсан сонгуулийн давуу тал бол  3000-5000 сонгогчтой тойрог бүр нэрлэх түшээдтэй. Гэр сургуулиасаа хол алхдаг хүүхдүүдийн судалгааг гаргаж, хэдэн микро ч болсон гаргаад хүүхдүүдээ зөөж эхлэх ажлыг өвлийн харанхуй, утаа хоёртоо бүрэн автахаас өмнө гишүүд санаачлан амжуулах хэрэгтэй болжээ. Тойрог тойрогтоо гишүүд  санаа тавьж, хүүхдийн жижиг автобус бензиний эх үүсвэрийг шийдээд өгөх нь хамгийн хурдан. Үүнд зориулж тусдаа хууль батлах хэрэггүй. Төсвийн замаар шийдэхийг хүлээвэл их удааширна. Асар их улстөржинө.

 

Хөрөнгө орлогын мэдүүлгээрээ дор хаяж 100 саяын орлоготой эрхэм түшээд, хөл дээрээ боссон ААН, сум орны удирдлага нийлээд хувьдаа жижиг автобустай иргэдтэйгээ хамтраад нэг сум, алслагдсан хороонд хүүхдийн ганц унаа шийдэх нь том буян шүү. Хувийн хэвшлийнхэн сошиалын солиот Осоржамаад ямар их тусыг, яаж хурдан шийдэж байлаа даа. Гишүүдийн хувьд энэ нь зөвхөн сонгогчдынхоо өмнө үүргээ биелүүлэх чин сэтгэл, санаачилгын асуудал. Хүүхдийн хулгайчдад ганц хором ч боломж олгохгүй байх нь л энэ цөвүүн цагт бидний хийж чадах ганц зүйл болжээ.

 

73 дахь гэж байх ёсгүй

 

Одоо дахиад олон нялх балчир Сэржмядагаа хулгайд алдахгүй, хөлгүй мухар эрэлд хатахгүйн тулд, хэн нэгний бяцхан үрийг 73 дахь болгож сураггүй алдахгүйн тулд гэр сургуулийн холд айдас тээж харанхуйд алхдаг балчир үрсээ унаагаар зөөдөг болгоё. Шийдэл нь амархан байхыг түшээдэд хандаж дээр уриалсан. Монголд балчир үрсийн шинэ өглөө харанхуй байна...Түшээд ээ.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

Shuud.mn
Сонин хачин
bayr huu met ni:
za zailaa huuhed turuulsen l yum bol hicheeld ni uursduu hurgej uguhgui yu deee henii tuluu huuhed gargasiin bee yun huuhdiin mungu vee kkk bi ajil hiigeed huuhdee tejeeh yostoi nadad eldviin halamj hereggui l deee kkk harin huuhed alga boldgiig tsagdaa gaas asuuhgui yu dee ted medhiin deedeer medej baigaaa daaa
2017-11-12
иргэн:
Битгий халамж санаачилж тархины тураалтануудыг өөгшүүл. Ирэх жил авилгачид 2.3 триллион төгрөгийн өр нэмж тавин олон төрлийн халамж шинээр хэрэгжүүлэх төсөв батлуулсан.
2017-11-12
Зочин:
хүүхэд алга болдгийг мухарлаачээ айж үхлээ яасан аыиаар там бэ ядуураад хамт байя ядаж хүний наймааг зогсоо
2017-11-11
Зочин:
Хүүхдийн мөнгө арчаагүй эцэг эхчүүдийн архины мөнгө болж замхрах нь олон гээ биз дээ. Монголд арчаагүйчүүдийн эзлэх хувь 60- 70 хүрдэг гэсэн
2017-11-10