Тамхинаас үүдэн жилд 7.2 сая хүн нас барж байна
2017-11-17

Гэрэл зургийг MPA.mn

 

Хор хөнөөлийг нь хүн бүр мэддэг мөртлөө өдөр бүр, цаг тутам нөхөрлөдөг тамхидалтын талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгүүлчидтэй уулзалт хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. “Тамхи-таны сонголт биш” сэдэвт хэлэлцүүлгээр өсвөр насныхны 68 хувь нь тамхи татаж үзсэн байдаг тухай яригдаж тэднийг тамхидалтаас хэрхэн урьдчилан сэрийлэх тухай эрчимтэй яригдаж байлаа.

 

Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн тамхи татаж байгаагийн  дөрөвний нэг орчим нь насанд хүрэгчид бөгөөд тамхины хэрэглээ жил бүр 7.2 сая гаруй хүнийг үхэлд хүргэж байна. Хүн амын өсөлтийн зэрэгцээгээр тамхины үйлдвэрүүдээс явуулж буй маркетингийн эрчимтэй үйл ажиллагааны улмаас тамхины хэрэглээ өсөн нэмэгдсээр байна. Энэ байдлаар үргэлжилбэл 2030 он гэхэд 10 саяас илүү хүн, энэ зууны төгсгөл гэхэд нэг тэрбум гаруй хүн хорвоог орхиж магадгүй байгааг ДЭМБ-аас анхааруулжээ.

 

Харин Монгол улсад хүн амын дунд тамхины хэрэглээ 27.1 хувь, эрэгтэйчүүдийн 49.1 хувь буюу хоёр эрэгтэй тутмын нэг нь, эмэгтэйчүүдийн  5.3 хувь нь тамхи татдаг ажээ.  Түүнчлэн тамхичин 27 хувь хүн амын 66 хувийг дам тамхидалтад оруулж байдаг юм байна. Харин тамхинаас гарах олон арга бий ч өөрийн ухамсраар гарах нь хамгийн оновчтой сонголт ажээ.

 

О.Нандин-Эрдэнэ: Сургуулийн 50 метр орчимоос дотогш архи, тамхи худалдаалахыг хориглодог

 

Энэ талаар НЭМҮТ-ийн албаны дарга анагаах ухааны доктор О.Нандин-Эрдэнээс тодрууллаа.

 

-Өсвөр үеийнхний 68 хувь нь тамхи татаж үзсэн байдаг гэж байна. Өсвөр үеийнхнийг тамхидалтаас хэрхэн хамгаалах вэ?

 

-Сүүлийн үеийн судалгаараар ерөнхий боловсролын сурагчдын дунд тамхидалт нэмэгдэж байна. Найз нөхөддөө уруу татагдах байдал их байна. Тиймээс шат дараатай ажил хийх хэрэгтэй.  Нэгдүгээрт, эцэг, эхийн хараа хяналт яригдах ёстой. Хоёрт, багш болон сургуулийн зүгээс тавих шаардлага чухал. Сургуулиас 50 метр орчимоос дотогш  архи, тамхи худалдаалахыг хориглодог. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт хэр байгааг хянах хэрэгтэй.

 

-Энэ чиглэлд цаашид ямар ажил хийх вэ?

 

-НЭМҮТ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд тамхидалтаас өөрийгөө хамгаалах, тамхины хор хөнөөлийн талаарх сургалтыг тогтмол явуулж байгаа.  Тамхидалтын талаарх асуудал эрүүл мэндийн салбарын ажилчдын асуудал биш болж байгаа. Үүнийг шийдвэрлэхэд салбар дундын оролцоо чухал. ЭМ болон БСШУС-ын сайдын тушаалаар эрүүл мэндийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудад оруулахаар  ажлын хэсэг байгуулж байна.

 

 

Тамхидалтыг бууруулахад тулгамдаж буй асуудлууд

  • Тамхины татвар бусад орнуудаас доогуур байна.
  • Тамхины хяналтын хуулинд 21 наснаас доош насны хүнд тамхи худалдаалахыг хориглосон боловч хуулийн хэрэгжилт хангалтгүй.
  • 2013 оны ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар, 2005, 2009, 2013 онд нийт хүн амын дунд тамхины хэрэглээ буураагүй мөн түүнчлэн өсвөр үеийнхний дунд тамхины хэрэглээ ихэссэн байгаа нь харагдаж байна. 
  • Онцгой албан татварын тухай хуульд тамхины татварыг нэмэгдүүлэх талаар өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.
  • Тамхины шууд бус зар сурталчилгаа болон тамхины хууль бус худалдаа байсаар байна.
  • Электрон тамхины борлуулалт өсч байна.

 

Цаашид хэрэгжүүлэх шаардлагатай зүйл

  • Тамхины хяналтын салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах
  • Хүн амын дунд тамхины хор хөнөөлийн талаар сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх
  • Тамхинаас гаргах үйлчилгээг Монголд бий болгох арга замыг судлах
  • Тамхины хяналтын чиглэлээр ажиллаж буй төр, ТББ-ыг чадавхжуулах
  • Электрон тамхинд тавих хяналтыг сайжруулах          
  • Тамхины татварыг нэмэгдүүлснээр эрүүл мэнд эдийн засагт гарах үр нөлөөг тооцох судалгааг монгол улсад хийх шаардлагатай байгааг НЭМҮТ-ийн судлаач нар анхааруулж байна.

 

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин