ИТХ-ын төлөөлөгч болчихоод ажилгүй хүмүүс их байдаг
2017-11-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Одоогийн үйлчилж байгаа хуулиар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 45 төлөөлөгчтэй байхаар, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоо Говь-Сүмбэр аймагт хамгийн бага буюу 17 байгаа бол бусад аймгийн ИТХ-ын хувьд Говь-Алтай, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл, Завхан, Төв аймаг 41, Архангай, Баян-Өлгий, Хэнтий аймаг 39, Сэлэнгэ аймаг 37, Дорнод, Дундговь аймаг 35, Булган, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Сүхбаатар аймаг 33, Дорноговь аймаг 31 төлөөлөгчтэй байгаа аж.

Сумдын ИТХ-ын тухайд хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15, 2000-5000 хүн амтай бол 21, 5000-9000 хүн амтай бол 27, 9000 ба түүнээс дээш хүн амтай бол 31 төлөөлөгчтэй байхаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заажээ.  Харин энэ хуулийн 10.4-т дүүргийн ИТХ-ын хувьд 20000 хүртэл хүн амтай бол 17, 20000-80000 хүн амтай бол 25, 80000-180000 хүн амтай бол 35, 180000 ба түүнээс дээш хүн амтай бол 41 төлөөлөгчтэй байхаар тус тус хуульчилжээ.  Иймд  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр уг хуульд “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болох” агуулгатай заалтыг нэмэхээр тусгасан байна. 

Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д төрийн жинхэнэ албан хаагч “аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох”-ыг хориглоно гэж заасан байдаг.  Тиймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.5-д заасны дагуу төрийн захиргааны албан хаагчаар ажиллах аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хуулийн дээрх заалт хамаарахгүй байх зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Сумын ИТХ-д хамаатан олонтой нь төлөөлөгч болдог. Энэ жишгээр сумандаа хамгийн муу багш сургуулийн захирал болно гэж, хамгийн муу эмч сумын эмч болно гэж дайрна. Өнөөдрийн байдлаар 60  ИТХ-ын төлөөлөгч хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Энэ 60 хүндээ зориулсан хууль уу.

Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн:

-Энэ хууль Үндсэн хууль зөрчөөгүй, харин ч нийцэж байгаа. Хурлын төлөөлөгч болчихоод ажилгүй хүмүүс их байдаг. Төлөөлөгчид төрийн захиргааны жинхэнэ албан хаагч байх ч шаардлагаа бүрэн хангах ёстой. Зөвхөн энэ удаад МАН-ын Засгийн газар, УИХ хууль зөрчөөд байсан зүйлгүй. Өмнөх дөрвөн жилд ч маш олон ИТХ-ын төлөөлөгч төрийн албан хаагчаар явж байсан. Энэ нь Засаг дарга нарын толгойны өвчин байсан. Цаашдаа хэн нь эрх барьсан энэ асуудал тодорхой хэмжээнд шийдэгдээд явна.

Гишүүд асуулт тавьж, хариулт хэлсний дараагаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Ингээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн О.:
Тухайн орон нутгийн асуудлыг ярихад ажил хариуцсан хэлтэс, тасгийн удирдах ажилтан иргэдийн хуралд байхад асуудал шийдэхэд хялбар болно. Хөдөө орон нутагт төрийн албан хаагчийг хурлын төлөөлөгч болгохгүй гэхээр аль чадвартай хүмүүс нь гадна нь үлдээд бизнэс хийдэг завгүй хүмүүс, эсвэл тэтгэврийн хөгшид иргэдийн хуралд ордог. Төрийн ажил, иргэдийн асуудал ч уг нь нэг л юм шүү дээ.
2017-12-01
Зочин (43.228.131.113):
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага гэж бараг сөнөсөн, боловсрол мэдлэгийн, мэргэжлийн гэх асуудал нь туйлдаж дордсон байгууллага байна. Боловсрол, мэдлэг сайтай, зохих мэргэжлийн чадвартай, улс төрд нөлөөтэй,ухаан нь зохих түвшинд тэлсэн, зан ааш нь тогтворжсон гээд ..... гайгүй хүмүүс төрийн аль ч ангиллын алба руу орж ажил хийж байна. Гэтэл аль ч шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч төрийн жинхэнэ албанд орж болохгүй. Сүүлийн хэдэн жил боловсрол мэдлэг муутай, ажил олдохгүй байгаа хэсэг хүмүүсийг аль нэг намын нэрийн өмнөөс орон нутгийн сонгуульд оруулж төлөөлөгч болгодог. Магадгүй тэр хүмүүс нь ааш аяг нь зөөлөн бол тухайн шатны иргэдийн хурлын дарга, засаг дарга болж байна. Ийм учраас сүүлийн үеийн боловсон хүчний чадвар чадавхи сул байгааг хэлж байна. Энд төр засаг анхаарах хэрэгтэй. Цаашдаа Улсын их хурлын гишүүдийн түвшин ч ийм болох байх, болсон ч байгаа даа.
2017-11-30
Зочин:

Haha:
Ashgui deee ... bi iht hun bish, gehde iregdiinhee toloo tsag nar setgel zurhee zoriulj ajillaj bgaa olon hun bgaa ted nii niigmiin asuudal dandaa l orhigdoj baidag yadaj ajil toroltoi baig de. Edgeer ulsuud ajiltai bgaad tor zahirgaaniihaa ajild oroltsood yavah n tuhain ajiliig iluu oilgoh taldaa sain l daa
2017-11-30