“Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” шинэ ном гаргалаа
2017-12-04

 

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, /доктор Ph.D/ дэд хурандаа Д.Сэржмядаг “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” шинэ номоо гаргажээ.

 

 Тус бүтээл нь гамшгаас хамгаалах чиглэлээр суралцаж буй нийт сонсогч, магистрантууд ойлгомжтой, цэгцтэй шинэ мэдлэг олж авахаас гадна Онцгой байдлын албаны алба хаагчид, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа эрхэлдэг төрийн, хувийн, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагын ажилтан алба хаагч, их дээд сургуулийн оюутнууд бусад сонирхсон нийт хүмүүс гамшгаас хамгаалах үйл ажиллагааны талаар мэдлэг авахад ач холбогдолтой гарын авлага болж байгаагаараа онцлог юм.

 

  Орчин үед гамшгаас хамгаалах менежмент нь гамшгийн эрсдэлийг бууруулах замаар гамшгаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байгаа. Улсын их хурлаас 2017 онд Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар манай улсад гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлж хэрэгжүүлэх эрхзүйн үндсийг бүрдүүлсэн.

 

Энэ утгаараа уг сурах бичгийн эхний хэсэгт эрсдэл, эрсдэлийг үнэлэх, бууруулах үйл ажиллагааг илүү дэлгэрэнгүй авч судлан олон нийтэд хүргэхээс гадна гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрхзүйн шинэчлэлд нийцүүлсэн утга, агуулгатай бичигдсэнээрээ сурах бичгийн үнэ цэнэ оршиж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин