Лигийн хамгийн шилдэг хамгаалагч гэмтлээсээ эргэн ирлээ
2017-12-13

 

Лигийн элит довтлогч Кавай Леонард улирлын эхний тоглолтондоо оролцлоо. 2 сар гарны хугацаанд гуяны дөрвөн толгойт булчингийн гэмтлээс болж талбайд гараагүй финалын үнэ цэнэтэй тоглогч өнөөдөр багтайгаа эргэн нэгдсэн нь энэ байлаа. Түүний эзгүйд түүний баг 19-8 гэсэн амжилттай яваа бөгөөд хамгаалалтаараа хожил авч байгаа гэхэд болно. Мөн багийн хоёр дарь лидер ЛаМаркус Алдриж бүх одод түвшинд тоглож байгаа зэрэг эерэг мэдээтэй түүнийг угтаж байна. Одоо харин Кавай Леонард багтаа хэрхэн уусах бол гэдэг ганцхан асуулт л үлдлээ.

 

Кавай Леонард гэхдээ эхний хэдэн тоглолтдоо минутын хязгаарлалттай тоглох юм байна. Магадгүй 20-25 минутын хязгаарлалт байх төлөвтэй аж. Кавайн хувьд лигийн хамгийн шилдэг 5 тоглогчийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Өнгөрсөн улиралд 25.5 оноо дунджилж, хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн санал асуулга болоход 3-р байранд эрэмбэлэгдсэн билээ.

 

Тэгвэл түүнийг эргэн ирснээр ямар ямар өөрчлөлт багт орох вэ? Энэ асуултанд хэд хэдэн хариулт өгч болно. Нэгдүгээр ЛаМаркус Алдрижын бөмбөгөнд хүрэлт, довтолгооны тоо буурч эхэлнэ. Мөн Кайл Андэрсоны минут багасаж, Рүди Гэйд ч мөн минут олдохгүй болох шинжтэй. Харин эерэг өөрчлөлт гэвэл тоглолт төгсгөх сүпер одтой болж байгаагаас гадна эсрэг багийн сүпер оддыг хамгаалах шилдэг хамгаалагчаа эргүүлэн авч байна. Мөн аркны араас болон гаднаас довтлох довтолгооны сонголтууд ч нэмэгдэх зэргээр өөрчлөлт орно. Хамгийн гол нь ЛаСМаркус Алдрижийн тоглолтыг унагахгүйгээр эдгээр эерэг өөрчлөлтүүд орвол Поповичийн баг мэдээж хэрэг НБА-ын хамгийн шилдэг багуудын нэг юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин