Гал түймэр унтраах машинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөө
2017-12-13

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах” төслөөр нийлүүлэгдсэн гал түймэр унтраах шуурхай албаны автомашинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт боллоо.

 

 

Арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Японы Элчин сайдын яамны элчин зөвлөх Минорү Кикүчи, Японы Жайка олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар оролцсон юм.

 

 

Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн хүрээнд Онцгой байдлын албанд 2003 онд 11,7 сая ам долларын үнэ бүхий гал унтраах зориулалтын 4 төрлийн 17 автомашиныг, 2013 онд 4 төрлийн 22 автомашиныг буцалтгүй тусламжаар нийлүүлж байсан.

 

 

Эдгээр автомашинуудыг Гал түймэр унтраах, аврах 18 ангид хуваарилсан бөгөөд энэ хугацаанд 29190 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 102 тэрбум 416 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалахад дэмжлэг үзүүлсэн байна.

 

Гэсэн ч 14 жил ашиглагдсан дээрх автомашинуудад ашиглалтын явцад эвдрэл гэмтэл үүсч, засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлага тулгараад байсан юм.

 

Тиймээс тус автомашинуудын ашиглалтыг  сайжруулах, засвар үйлчилгээ хийх, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх төслийг Япон Улсын “Жайка” олон улсын байгууллага хэрэгжүүлж, 450 мянган ам.долларын 837 ширхэг сэлбэг хэрэгслийг нийлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 
Shuud.mn
Сонин хачин