Холимог тулааны дасгалжуулагч амиа егүүтгэлээ
2017-12-19

Холимог тулааны спортын дасгалжуулагч Робэрт Фоллис таалал төгслөө. Өөрийнхөө амийг егүүтгэсэн уг хэрэг холимог тулааны ертөнцийг тэр чигээр нь цочролд оруулаад байна.

 

 

Өчигдөр энэ талаар түүний найз бүсгүй Мира Фүкүно мэдэгдсэн бөгөөд уг үйл явдал Баасан гаригт болсон гэж таамаглаж байна. Энэ талаар талийгаачийн тойрон хүрээлэл болон гэр бүлийнхэн олон нийтэд зарлаагүй байсан юм. Харин өнөөдөр орон нутгийн шүүх эмнэлгээс түүний үхлийг амиа хорлолт байсныг албан ёсоор мэдэгдсэн байна. Түүний цогцос Невадан мужийн 160 дугаар замын ойролцоох Улаан Хадат хавцлын ойролцоогоос олдсон аж. Тэрээр сүүлийн хэдэн жил энд чөлөөт цагаа ихээр өнгөрүүлдэг болоод байжээ.

 

Түүнтэй ойр дотно нөхөрлөж байсан найзуудынх нь нэг болох Рэнди Коутюрын мэдээлж буйгаар талийгаач нь  хоёр жилийн өмнө амиа хорлосон ахынхаа үхлээс хойш шокноос гаралгүй, сэтгэл санаагаар үргэлж гутрах болсон аж.

 

Фоллис нь сүүлийн хорин жилийн турш холимог тулааны ертөнцөд олон шилдэг тулаанчийг олон нийтэд таниулсан нэгэн билээ. Коутюр, Мэтт Линдлэнд, Чаэл Соннэн, Крис Лэбэн, Дэн Хэндэрсон, Эван Таннэр, Эд Хэрман, Нэйт Куарри гэх мэт олон шилдэг тулаанчдын замнал түүнтэй салшгүй холбоотой байжээ. Харин сүүлийн жилүүдэд Миша Тэйт болон Кэвин Ли нартай ажиллаж байсан юм. Гэвч ийнхүү 48 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь холимог тулааны ертөнцөд маш том эмгэнэл дагуулсан үйл явдал боллоо.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин