Гэр бүлийн хүчирхийлэл 4.5 хувиар буурчээ
2018-01-04

 

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдаад 10 сар болжээ. Тодруулбал, өнгөрсөн оны хоёрдугаар сард Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдсан. Тус хууль батлагдсанаас хойш эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 741 хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 4.5 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 25 мянга орчим дуудлага Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ирсэн нь өмнөх оноос 80 орчим хувиар өссөн үзүүлэлт аж. Дуудлага ийнхүү өссөн нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг даган гарсан найман хуульд өөрчлөлт орж, Зөрчлийн тухай хууль шинээр батлагдсантай холбоотой гэнэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд иргэн бүр гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх үүрэгтэй. Зөрчлийн тухай хууль батлагдахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдсэн ч иргэн энэ талаар мэдээлэл өгөөгүй бол хуулийн хариуцлага хүлээх юм.

 

Түүнчлэн өнгөрсөн жилийн эхний 11 сарын байдлаар 595 хүн гэр бүлийн хүчирхийллийн золиос болжээ. Тэдний 40 орчим хувь нь албан ёсоор гэрлэлтээ батлуулсан нөхөртөө, 20 гаруй хувь нь хамтран амьдрагчийнхаа хүчирхийлэлд өртсөн бол үлдсэн нь гэр бүл, төрөл садныхаа хүчирхийлэлд өртжээ.

 

Зөрчлийн тухай хуулийн дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд, гэр бүлийн гишүүнээ зодсон, дарамталсан, бусадтай харилцах эрхийг нь хязгаарласан тохиолдолд шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчилдаг. Харин гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдвэл хуулийн дагуу хоёр жил хүртэлх хугацаагаар хорих мөн зорчих эрхийг нь хязгаарлах юм байна.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин