”Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2018-01-24

 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор "Газрын Харилцаа" Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг  зохион байгууллаа.  Өнгөрсөн сарын хугацаанд НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэд аж ахуйн нэгжээс ирүүлсэн 530 орчим өргөдөл, гомдлын 70 хувь нь газрын албаны удирдлага, зохион байгуулалт, ажилтнуудын ёс зүй, хүнд сурталд гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Эдгээр өргөдлүүдийг судлаж үзэхэд иргэдэд газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээ авахад маш хүндрэлтэй байдаг гэдгээ илэрхийлжээ.  Иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр олон жилээр чирэгдүүлэх, газар эзэмших эрхийг хууль зөрчин бусдад шилжүүлэх, давхардуулах, хуулиар хүлээсэн үүрэг, шүүхийн шийдвэрийг шийдвэрлэхгүйгээр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх зэрэг ноцтой зөрчил, дутагдлууд олон  байгаа талаар иргэд дурдлаа. Хэлэлцүүлгийг иргэдийн оролцоонд тулгуурлан олон нийтэд нээлттэй зохион байгууллаа. Шийдвэр гаргагчид болон иргэд газар зохион байгуулалтын асуудлаар анх удаа нүүр тулсан томоохон уулзалт өрнүүлж байгаа нь энэ юм.  

 

Нээлттэй хэлэлцүүлгийн төгсгөлд иргэдийн саналыг тусгасан зөвлөмж гаргалаа.  Газрын харилцаатай холбоотой хууль, эрх зүйн актын хэрэгжилтийг хангуулах,  хяналтаа сайжруулж НИТХ-ын Өргөдөл, гомдлын хороонд байгуулж, энд ирсэн зарим өргөдөл, гомдлыг шилжүүлэн, холбогдох арга хэмжээг  шат дараалан авахаар тусгасан байна. Мөн Нийслэл, дүүргийн газрын албанд Газрын харилцаатай холбоотой хууль, эрх зүйн актын товч мэдээллийн санг нэгтгэн гаргаж олон нийтэд хүргэх. Газрын албаны үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэдэд нээлттэй ил тод болгох, Албан хаагчдын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, хүнд суртлыг арилгах, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, албан хаагчид хариуцлага тооцох тогтолцоо бий болгох, Иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хуулинд заасан хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллах, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх, хүндрэлтэй асуудлаар саналаа холбогдох байгууллагад гаргаж шийдвэрлүүлэхээр  үүрэг болголоо гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин