Д.Сүхбаатарын нэрэмжит хороотой болов
2018-02-03

Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан түүний гэрийн буйранд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх Жанжин клубт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгох тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг тус хорооны удирдлагуудад гардуулах ёслол  боллоо. Тогтоолыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нар Баянзүрх дүүргийн удирдлагууд,  иргэдийн төлөөлөлд гардуулав.

 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр Монголын ард түмний суут хүү Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг бид бүхэн тэмдэглэж байна. Энэ хүн бол өнөөгийн Монгол орныг бий болгоход баатарын, жанжины хувьд үнэлж баршгүй гавьяа байгуулсан Монгол төрийн нэрт зүтгэлтэн юм. Бидний өвөг дээдэс өнөөгийн Монгол Улсыг байгуулахын тулд халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн. Харамсалтай нь 1990 оноос эхлэн сүүлийн 100 жилийн түүхийг гуйвуулах, Ардын хувьсгалын ач холбогдлыг бууруулах зэрэг үйлдэл гарч байгаа. Тиймээс бид түүхээ байнга сэргээн санаж байх учиртай. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгууллаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болгохоор болсон. Энэхүү тогтоолыг зүгээр нэг гаргаад орхихгүй. Гэрийн буйр байгаа газарт  Улаанбаатар хотыг “Ногоон хот” болгох зорилтын хүрээнд Цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тохижуулах ажлыг хийнэ. Энэ оны хавраас тохижилтын ажлыг эхлүүлхээр нийслэлийн төсөвт тусгагдсан байгаа. Ингээд нийслэлийн иргэдийн ирэх дуртай Цэцэрлэгт хүрээлэн нэгээр нэмэгдэх болно” хэмээлээ.

 

Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан “Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын гишүүд дэмжигчид, намын удирдлагууд, төрөл төрөгсдийн төлөөлөл, дүүргийн иргэд гээд 300 орчим хүн Жанжины төрж, өссөн гэрийн буйран дээр очиж, хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө. Ингээд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог Монгол Улсын хэмжээнд анх удаа Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болголоо. Энэ дагуу 2018, 2019 оны нийслэлийн төсөвт суугдсан санхүүжилтийн хүрээнд уг буйрыг Цэцэрлэгт хүрээлэн болгох ажлын эхлэлийг тавьсан явдалд баяртай байна” гэв.

 

Тогтоол хүлээн авах ёслолд Их Жанжин Д.Сүхбаатарын төрөл төрөгсөд оролцлоо. Их Жанжины мэндэлсэн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж буйд Нийслэлийн удирдлагууд болон МАН-ын удирдлагуудад талархаж буйгаа төрөл төрөгсөд нь илэрхийлсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хороо гэдэг чинь арай жулдаж байна. Ямар цэргийн хороо биш. Пулемёт суман бол өөр хэрэг. Хороо тэгээд нэрэмжит болоод яах юм бэ? Ажил хийхдээ жаахан бодлоготой хандаачээ.
2018-02-03