ШУТИС-д элсэхийг хүсэгчдэд илүү бололцоо олгосон сургалт нээгдэж байна
2018-02-10

 

 

- Ажиллагсад болон урьд онуудад Элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-ийн босго онооноос бага оноо авсан төгсөгчдөд зориулан илүү бололцоо олгосон ИНЖЕНЕРИЙН БЭЛТГЭЛ ангийг ШУТИС-д нээж байна. Энэ сургалтын онцлог нь суралцагчдад ЭЕШ-д бэлтгэх гүнзгийрүүлсэн сургалтаас гадна бакалаврын боловсролыг тодорхой түвшинд эзэмших суурийг давхар олгоно.Энэ талаар ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор /Ph D/, дэд профессор Д.Ганхуягаас тодрууллаа.



- Инженерийн бэлтгэл ангийн талаар мэдээлэл авах гэсэн юм?
- ШУТИС бол инженерийн чиглэлээр мэргэжлийн өндөр түвшинд сургалт явуулдаг Монголын хамгийн том, төрийн өмчийн сургууль. ЭЕШ-аас хангалтгүй оноо авч манай сургуулийн босго давж чадаагүй хүүхдүүдийг болон, их дээд сургуульд элсэн суралцах сонирхолтой ажиллагсдыг бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүдэд дэвшин суралцахад нь бэлтгэх зорилготой анги нээж байгаа юм. Инженерийн бэлтгэл анги нь математик, физик, химийн хичээлүүдээр гүнзгийрүүлсэн суурь мэдлэг олгох өдрийн болон цагийн /хуучнаар эчнээ/ сургалт явуулна. Суралцагсад Инженерийн бэлтгэл анги төгсөөд ЭЕШ өгч улмаар манай сургуулийн үндсэн мэргэжлийн ангиудад дэвшин суралцах бололцоотой.


- Ажиллагсдыг ч суралцуулна гэхээр босго оноо, элсэлтийн шалгалт гэж байхгүй гэсэн үг үү. Ямар шаардлага хангасан хүн суралцах боломжтой вэ?
- Бүрэн дунд боловсролтой хэн ч суралцаж болно. Манай сургалтаар зөвхөн шинжлэх ухааны суурь хичээлүүдийг заагаад зогсохгүй, суралцагсдад инженерийн мэргэжлийн талаар зөв ойлголт өгөх, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход зориулан мэргэжлийн удиртгал хичээл зааж, хувь хүний төлөвшилд анхааран, сургалтыг үр дүнд суурилсан боловсролын арга технологоор явуулах юм. Энэ нь төгсөөд гарах үр дүнг чухалчилна гэсэн үг. Тухайн хүний хүсэл сонирхол, ирээдүйн зорилгод нь тулгуурласан мэдлэгийг олгох онол, дадлага, семинарт суурилсан хичээлийн хөтөлбөртэй. ЕБС-ийн ахлах ангийн хичээлийн агуулгыг ШУТИС-ийн ерөнхий суурь хичээлүүдтэй уялдуулан гүнзгийрүүлж судална. Хэрэв сайн суралцвал бакалаврын түвшинд ахиж суралцахдаа математик, физик, химийн хичээлээр шалгалт өгч, тодорхой болзол хангасан нөхцөлд дүйцүүлэн шууд кредит тооцох боломжтой. Тэгэхээр мөнгө болоод цаг хугацааг хэмнэнэ гэсэн үг.


- Төлбөр хэд орчим байх вэ?
- ШУТИС-ийн бакалаврын түвшний сургалтын нэг кредит нь дунджаар 55 мянган төгрөг байдаг.


- Ийм анги бусад сургуульд байдаг уу. Ямар судалгаа үндэслэн нээх болсон бэ?
- Төрийн өмчийн сургуулиудийн хэмжээнд яг ийм инженерийн бэлтгэл анги одоогоор байхгүй. Бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүдээс ажилчиддаа инженерийн дээд боловсрол эзэмшүүлэх хүсэлт их ирдэг. Мөн түүнчлэн МСҮТ төгсөгчид, ЭЕШ өгөөгүй, өгсөн ч оноо нь инженер, технологийн чиглэлээр элсэн суралцахад тавигдах босго онооны болзлыг хангаагүй бүрэн дунд сургууль төгсөгчдөөс ийм суралцах боломж нээж өгөх хүсэлт их ирдэг юм.
Жилд дундажаар 40 мянган хүүхэд ЕБС төгсөж, үүнээс нилээд хувь нь улсын болон хувийн их дээд сургуульд элсэж, үлдсэн нь ажлын талбарт гардаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр улсын сургуульд чанартай боловсрол эзэмшихийн тулд суурь хичээлүүдээр ШУТИС-ийн шаардлага хангахуйц мэдлэг олгох инженерийн бэлтгэл ангийг нээх болсон юм.


- Бүртгүүлэхийг хүссэн хүн ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
- Манай сургуулийн www.elselt.edu.mn хаягаар орж бүртгүүлнэ. Иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ байх шаардлагатай.
- Танд баярлалаа.


ШУТИС-д бакалаврын боловсрол эзэмших боломж олгосон инженерийн бэлтгэл ангид орохыг хүсвэл www.elselt.edu.mn хаягаар бүртгүүлж, лавлах зүйлээ Сургалтын албаны 11-322283 дугаарын утаснаас асууж болох юм байна шүү.

 

Холбох линк: http://www.elselt.edu.mn/

 

Э.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХУУЧИН АЖИЛЧИН ЗАЛУУЧУУДЫН БЭЛТГЭЛ ФАКУЛЬТЕТ ГЭЖ БАЙСНЫГ Л СЭРГЭЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА.
2018-02-11