Прокурорын байгууллагаас тайлбар хийлээ
2018-03-12

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 403 дугаар нээлттэй хорих ангид хоригдож байгаа Г.Нямдоржийн  ээж нь " хүүг маань магадланд орох хугацаа нь болсон байхад прокуророос хувийн хэргийг нь буцаасан" гэх ярилцлагыг  хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өгсөн байна. Энэ ярилцлагатай холбогдуулан хоригдол Г.Нямдоржийг хорих ял эдлэх хугацаа дуусахаас өмнө  магадлангийн хурлаар оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 403 дугаар нээлттэй хорих ангиас  ирүүлсэн материалыг хорих ангид буцаасан шалтгааныг тодрууллаа.   

 

Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”...ялтан зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж,...ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй,...оногдуулсан ялын тодорхой  хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно...” гэж заасан байдаг.

 

Гэтэл Г.Нямдорж нь  403 дугаар нээлттэй хорих ангид хоригдож байхдаа 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус ангийн даргын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, албан хаагчийн аюулгүй байдлыг хангах аюулгүйн тойрог тогтоох журмыг зөрчсөн болох нь албаны шалгалтаар тогтоогдсон  байх тул 403 дугаар ангийн  даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн в/29 дүгээр тушаалаар сахилгын байранд 30 хоног хорих сахилгын шийтгэл  оногдуулсан байна. Иймд хоригдол Г.Нямдорж нь  Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй, ял эдлэх хугацаандаа зөрчил гаргаж байсан тул энэ удаад хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох саналыг  шүүхэд хүргүүлэх  боломжгүй гэж үзэж хорих ангийн даргын санал, тодорхойлолт, хоригдлын хувийн хэргийг Төв аймгийн прокурорын газраас энэ оны 02 дугаар сарын 23-ны өдөр хорих ангид буцаан шийдвэрлэсэн байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
kkk:
номтойбаяр тэнд эргэлдэээд байсан арай тэрний ажил биш биздээ
2018-03-12
мөнгө төгрөг муутай эгэл ардынхаа л арьс махыг хуулах юм даа
2018-03-12
нэг ч гэсэн хүн бурхан болохоос нь өмнө ээжийнхээ сэтгэлийг дэвтээг л дээ.
2018-03-12