Рамирез мөрөөдөлдөө хүрч дэлхийн аварга боллоо
2018-03-19

Жозе Рамирез хүүхэд байхаасаа л Калифорни мужийн Сан Жоакүйний хөндийд, дээрээс төөнөх наран доор аав ээжтэйгээ хамт бэлтгэл хийж өссөн. Түүний мөрөөдөл нь хүүхэд байхаасаа л тодорхой байсан юм. Тэрбээр боксчин болох хүсэлтэй байлаа. Гэхдээ зүгээр нэг боксчин биш, дэлхийн аварга боксчин.

 

 

Харин жилийн өмнөөс тэр жаалхүү мөрөөдөлдөө нэг алхам ойртсон. Энд зорилгодоо хүрэхийн тулд маш шаргуу бэлтгэл сургуулилт хийсний дүнд Амир Имамыг буулган авч WBC холбооны сүпер хөнгөн жингийн дэлхийн аварга болсон юм. 115:113, 117:111, 120:108 гэсэн онооны зөрүүтэй өрсөлдөгчөө буулган авсан Рамирез өдгөө 25хан настай. Тэрбээр 2012 оны олимпод нэгдсэн улсын шигшээ багт багтаж байв. Имам түүний эсрэг хангалттай өрсөлдсөн боловч Рамирезийн мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүнд цохилтуудыг зогсооход бэрх байсан талаар нэгдсэн улсын хэвлэл мэдээллээр бичиж эхэлжээ.

 

Рамирез өрсөлдөгчийнхөө талаар “Амир Имам бол гайхалтай тулаанч. Тэр миний эсрэг маш сайн бэлтгэсэн байсан. Бас үзэгчдэд үзүүштэй тулаан толилуулж чадлаа” хэмээн тулааны дараа ярьсан юм. Үргэлжлүүлэн “Би бол тулаанч. Би бол тулаанч мөн” гэж Рамирез сэтгэлийн хөөрлөө дарж ядан хэлэв.

 

Хоёр тулаанч талбайд тулалдсан бол боксын ертөнцийн төлөөлөгч нарын дундах хоёр акул болох Боб Арум болон Дон Кинг хоёрын тулаан рингнээс бусад хэсэгт болсон гэж хэлж болно.  Рамирезийг Арум төлөөлдөг бол Имамыг Дон Кинг төлөөлдөг.Уг тулаанд Арум ялалт байгуулсан гэж ойлгож болно.

 

Уг тулаанд ялснаар Рамирез 22-0 амжилттай болсон бол дараагийн тулаанаа Рэжис Прогрэйстэй хийхээр болоод байгаа юм.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин