АРЫН ОРДНЫ НУУЦ- Татвар эмийн хүүрнэл /Лю Лиэн Зы/
2018-03-24

Үүлэн ордны Урт хаврын өргөө

 

Би намрын нартай нэгэн өдөр ордонд анх хөл тавьж билээ. Энх Амгалангийн арванхоёрдугаар оны найман сарын хорины билэгт сайн өдөр Их ордны үүдэнд зогсохуйяа дээр хөхрөгч тэнгэрт бөртийх ч үүл үл үзэгдэх агаад хаа нэг галуун цуваа нисэн өнгөрөх ажгуу.


Галуун цуваа тэртээ дээгүүр нисч буй нь угтаа сайны дохио болой.


Асралт өлзий хаалган тушаа үзэсгэлэнт бүсгүйчүүдийн өдий төдий жууз тэрэг эгнэн, бараа бологсод нь үг дуугүй мэхийн зогсоход эргэн тойрон жигтэй анир чимээгүй. Би газар газраас ирсэн үзэсгэлэн охидын хамт чимээгүйхэн зогсож байхуйд хааяахан шивэр авир хийхээс өөр чимээ аниргүй. Охидын энгэсэгний үнэр л хамар цоргионо. Охид бүсгүйчүүд оо энгэсэг нь арилаагүй эсэх, өмсгөл зүүсгэл нь дэгжин эсэхээ ахин дахин нягтлахаас гадна хажуудаа зогсох хэн нэгнийг нууцхан сонжино. 


Охидыг ийнхүү шилж сонгон ордонд оруулах нь тэдний хувьд хувь заяаг нь шийдэх чухал үйл явдал бөгөөд гурван жилд нэг удаа ийнхүү сонголт хийдэг ёстой. Олон шатны сонголтоор шилэгдсэн охид тийнхүү ордонд орж, татвар эм болчихуй.


Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг миний хувьд төдийлөн ойшоосонгүй. Зүсээ харуулаад гэрээдээ буцна гэж бодож явлаа. Аавын хэлэх нь “Манай охин эрх танхи өссөн. Хатуу дэг жаягтай ордонд удаан тэсэхгүй. Өөртөө таарсан эгэл жирийн эртэй ханилан суувал барав” гэх аж. 

 


Харин ээж минь “Манай охин шиг өнгө зүстэй хүн эрхэм дээд хүнтэй ханилах нь зүйн хэрэг” хэмээнэ. Би ч ялгаагүй ийм л бодолтой. Жэнь Хуань миний хувьд энэ дэлхийн хамгийн сайн эрийн эхнэр болж, бие сэтгэлээрээ ханьсан нэг насаа хамтдаа элээхийг туйлгүй ихээр хүсэж байлаа. Миний л амьдрал учраас ингэж бодох нь ч эндэлгүй зөв биз ээ. 


Хаантан хэдийгээр хамаг бүхний дээр залравч миний хувьд хамгийн сайн эр гэж хэлэмгүй. Намайг тааллаа ч онцгойлон үзэх нь юу л бол. 


Ийм ч учраас тэгтлээ гоёж гоодсонгүй. Нүүрээ нимгэн энгэсэгдэж, ёслолын номин ногоон өмсгөл өмсөөд зогсон хүлээчихүй. 
Хаантан намайг таалан пайз өргөнө гэдэгт би ер итгэсэнгүй. 


Охидыг Их ордны төв өргөө болох Үүлэн ордны Урт хаврын өргөөнд сонгон шалгаруулна. Охидыг зургаа зургаагаар нь нэг хэсэг болгоод, ордны тайган замчлан дотогш оруулах агаад энэ зуур бусад нь ордны үүдэнд хүлээн зогсоно. Сонгон шалгаруулах үйл явц их энгийн. Их хатан толгойгоо дохисхийхэд хаантан тэр охиноос ямар нэгэн зүйлийг асууна, эс бөгөөс асуухгүй гаргана. Улмаар хаантан тухайн охиныг ордонд үлдээх эсэхийг шийдэж, сонгогдсон гэсэн пайз авсан охид түрдээ хариад, билэгт сайн өдрөөр ордонд орж татвар эм болно. Хаш эрдэнэ шигтгэж, мөнгөн утсанд хэлхсэн сувдан унжуургатай толгойн гоёлд минь хүний нүд унагаад байх зүйл ер үгүй.


Хаантан олон жилийн өмнө хатан авсан тул энэ удаад татвар эмсийн тоог нөхөхийн тулд сонгон шалгаруулалт явуулж байгаа төдий. 
Өрөө дүүрэн охидоос би зөвхөн Зижоугийн захирагч түшмэл Чэнь Зышаний охин Чэнь Мэйжуаныг л танина. Түүний ээжийн ээж буюу эмээ нь манайхтай хөрш. Хоёул цуг өссөн тул дотно сайхан харилцаатай. Мэйжуан намайг олж хараад инээмсэглэсээр дөхөж ирээд гараас минь атгаж “Хуань Ар, чамайг хараад сэтгэл жаахан тавирав шүү. Эмээ чамайг жиндээд өвдсөн гэж хэлнэ лээ. Зүгээр үү?” гэхэд нь “Хэд хоног ханиалгаад хэдийн эдгэрсэн. Санаа зоволтгүй. Та харин замдаа алжаав уу?” гэвэл тэрээр толгой дохиод намайг сүрхий ажиглангаа “Ирээд эндээ хоёр хоног сайхан амарсан болохоор дажгүй шүү. Чи олноос онцгой аргагүй л харц булаагаад сайхан харагдаж байна” гэлээ.


Үүнийг дуулаад миний царай улаа бутарч “Хаанаас даа. Миний дэргэд та сайхан бүсгүй шүү дээ. Өчүүхэн би яаж тантай эн дүйцэх вэ?” гэвэй.

Мэйжуан инээмсэглэсээр хацрыг минь илэхэд би түүний өмсгөл зүүсгэлийг сая сайтар ажиглан харлаа. 


“Тантай ойрын хэдэн сард уулзсангүй. Ийм сайхан бүсгүйг хаантан лав зүгээр өнгөрөөхгүй дэг ээ” гэвэл Мэйжуан дуугаа намсгаж “Чш. Үг хэлээ бодож ярилгүй горьгүй. Өнөөдрийн сонгон шалгаруулалтад олон охид ирж, тэр дундаа сайхан нь цөөнгүй байна” гэхэд би дуугаа хурааж, түүнтэй аахар шаахар зүйлсийн талаар хэдэн үг солихоос хэтэрсэнгүй.


Хажууханд аяга таваг хангинах чимээ гарахад бид хоёрын яриа тасалдаж, тэр зүгт эргэж харвал хар ногоон торгон өмсгөлтэй, толгойн сувдан гоёлтой бүсгүй нэг гараараа хормойгоо барьж, нөгөө гараараа өөр нэгэн бүсгүйг “Чи чинь сохорчихоо юу? Байтлаа барьсан тавьснаа ч мэдэхгүй алдаад... Ямар хэрэг тарьснаа мэдэж байна уу, чи ер нь? Чи хэний охин бэ?” гэсээр зандчив.


Тэр охин энгийн даруу хувцасласан ч нүд хөмсөг сайтай бөгөөд айж сандарсандаа байдгаараа агшиж, яах учраа олохгүй харцаа буруулан “Намайг Ань Линрун гэдэг. Би... би...” гэсээр ээрэх ажээ.


Бүсгүй эгэл жирийн хувцастай нөгөө бүсгүйг ихэд басамжилсан аятай “Эцгийнхээ нэрийг ч хэлчихэж чадахгүй ийм ч амьтан байх гэж” гэсээр дуу алдвал Ань Линрун минчийтлээ улайж “Манайх Сун-ян суурингийнх. Аав минь суурингийн захирагчийн шадар туслах Ань Бихуай” гэлээ.


Тэгтэл өнөөх бүсгүй “Угсаа гаралгүй ч амьтан бол доо! Ёс мэдэхгүй нь аргагүй юм гээч” гэсээр бүр ч ихэрхэв.


Ань Линруны дэргэд зогсож байсан нэг хүн “Энэ бүсгүй болбоос цэргийн яамны их бичээчийн охин Ся Дунчунь шүү дээ” гэхэд хөөрхий бүсгүй улам ихээр сандарч “Линрун би гэмээ мэдлээ. Тантай ийнхүү уулзаж таарсандаа баярлаад баршгүй. Аягаа алдаж унагасандаа хүлцэл эрье. Та намайг өршөөж хайрлаач” гэсээр уучлал эрлээ.


Ся Дунчунь хөмсгөө зангидан “Зүгээр ч өршөөл эрчихгүй бас уулзаж таарсандаа баяртай байна гэж хэлэх нь юу чив дээ. Сөхөрч суугаад уучлал эрэхгүй юм уу?” гэхэд Ань Линруны царай цонхийж, нүднээс нь нулимс бөмбөрөн учраа олохгүй бүлтэгнэв. Эргэн тойронд түүнийг өмгөөлж хамгаалах хүн даанч олдсонгүй. Хаан эзэнтэн суурингийн захирагчийн шадар туслах мэт угсаа гарвал доогуур эгэл жирийн гэр бүлээс татвар эм сонгож байгаагүйг бүгд андахгүй агаад түүний дэргэд Ся Дунчунь шиг бүсгүй харин чиг ордонд үлдэх магадлалтайг сайн мэднэ. Ийм байхад хөөрхий бүсгүйн өмнөөс үг хэлэх зүрхтэн олдох бил үү? 


Миний хувьд угсаа гарлаараа түрий барьж бусдыг дооршааж үздэг хэнбугайг ч үздэггүй зантай тул тэрүүхэндээ татвасхийсэн ч Мэйжуан мэдээд гараас минь барьж “Дуугүйхэн л зогсож бай” гэлээ.


Гэлээ ч би тэссэнгүй. Гараа татаж аваад урагш гарч, Ань Линруны дэргэд очоод Ся Дунчуньд хандан “Хувцсыг тань норгосноос биш ямар өөр гэм хийсэн биш дээ. Ся авхай ингэтлээ уурлаж уцаарлах хэрэг юун. Надад илүү хувцас бий. Та арын өргөөнд ороод сольж өмсөнө үү. Сонгон шалгаруулалт хийж буй бэлгэ дэмбэрэлтэй ийм сайхан өдөр хэрүүл хийгээд яанам? Хүн хар энэ тухай дуулбал таны нэр сүрд сэвтэй бус уу? Норсон хувцасны төлөө ингэтлээ их дуу чимээ гаргах хэрэг юун? Та болгооно биз ээ” гэвэл Ся Дунчунь дуугаа аядаж, ширэв татаад дөхөөд ирэв.


Чингээд Ань Линрун руу инээмсэглэнгээ “Жэнь Хуань ийм үг хэлж байхад би юу гэх вэ. Хуань Ар, чамайг ганцаараа яваа болохоор ийнхүү нигүүлсэнгүй сэтгэл гаргаж байна. Чи ерөөсөө Мэйжуан, Жэнь Хуань бид гуравтай цуг яв” гэсэнд Ань Линруны нүүр гэрэлтэн “Авхай танд гялайлаа. Линрун миний бие дорд гаралтай билээ. Та бүхний ач тусыг марталгүй санаж явах болно” гэлээ.


Би “Бид бүгдээрээ л сонгон шалгаруулалтад орж байгаа хойно дээд, доод гаралтай гэж нэгнээ ялгах учиргүй” гэсэн ч Линрун “Гэхдээ л та намайг өмгөөлж бусдад үг хэлсэн шүү дээ” хэмээв.


Энэ үед Мэйжуан дөхөж ирээд “Энэ чинь хааны дотоод ордон. Ингэж дураар аашилж болохгүй” гээд Линрун руу инээмсэглэнгээ “Үгүй ийм байж бас сонгон шалгаруулалтад орж байдаг. Мөн ч хөнгөн хуумгай хүн юм даа” гэлээ.


Ань Линруны өмссөн зүүсэн хэдийгээр шинэ боловч хямд төсөр нь хараажийн илт. Үсэндээ цэцэгтэй мөнгөн хатгуур хатгаж, гартаа цулгуй алтан бугуйвч зүүснийг эс тооцвол өөр гоёл үгүй. Чинээндээ тултал гоёж гоодсон бүсгүйчүүдийн дэргэд шивэгчнээс өөрцгүй үзэгдэнэ.


“Хувцас бурхан бие чөтгөр гэдэг дээ. Чиний хувцас дэндүү энгийн даруу аж. Ордныхон хүнийг хувцсаар нь угтдаг жамтай. Чамтай танилцсан учралаа бэлгэдээд энэ ээмгийг бэлэг болгон өгье. Хааны таалалд нийцэх болтугай” гэвэл Линруны сэтгэл ихэд хөдөлж “Таны сэтгэлийг чилээсэндээ хүлцэл өчье. Би хэдий эгэл дагуу хувцасласан ч хаантан таалсан таалаагүй гомдох зүйл ер үгүй билээ. Тань шиг хүнтэй учирсан минь ёстой л зол заяа биз” гэсээр нүдэндээ чийгтэй өгүүлэв. 


Мэйжуан “Баатар эрс удам судар асуудаггүй гэдэг. Миний дүү нүдэнд дулаахан сайхан харагдаж байна” гэхүйд ордны тайган ирж Ань Линруныг хэд хэдэн бүсгүйн хамт дагуулсаар ордонд оров. Би түүнд урам өгч инээмсэглэн үдээд Мэйжуантай ордны гадна талд үлдвэй.


Зарц бүсгүй цай барихад хоёул даалингаасаа мөнгөн зоос гаргаж түүнийг шагнавал бүсгүй талархан тосож авлаа. Мэйжуан “Чи ч мөн зоригтой хүн юмаа. Ся Дунчунь хааны татвар болчихвол яах хүн бэ?” гэхэд нь аягатай цайнаас савсах уурыг үлээж эргэн тойрныг ажиглангаа бид хоёрын яриаг сонсох хүн үгүйг мэдээд “Эгч минь хэн сонгогдохыг таашгүй. Ся Дунчунь ордонд орлоо ч ийм ааш зантай хүн удаан тэсэх үү?” гэвэл Мэйжуан толгой дохиод “Нээрээ ч тийм дээ. Эцэг чинь чамайг хар багын л ихэд үнэлж, эмэгтэй Жүгэлян гэж байсан нь аргагүй юм. Ань Линрун ч өрөвдмөөр хөөрхийлөлтэй бүсгүй юм даа” хэмээв.


“Ань Линрун хэдийгээр дорд гаралтай ч ёс мэддэг, нүд хөмсөг сайтай, харц булаасан охин болохоор Ся Дунчуньтэй харьцуулахад сонгогдох магадлал ихтэй. Та хэрэв сонгогдоод ордонд үлдвэл түүнийг харж хамгаалж байгаарай. Ань Линрун ордонд орохгүй ч гэлээ сайн хүнтэй учраасай билээ. Тэгвэл би ч түүнээс дутуугүй баярлана шүү” гэхэд Мэйжуан гараас минь атгаад “Хуань Ар, чи минь ийм л сайхан сэтгэлтэй хүн шүү дээ. Ийм хүн хаантны таалалд нийцэхгүй бол ёстой шударга бус явдал гэдэг л тэр байх” гэсээр дуу алдлаа. Би үнэндээ юу гэж хариулахаа мэдсэнгүй. “Хүн бүр өөрийн гэсэн хувь тавилантай. Та минь ордонд орвол миний хувьд болох нь тэр” гэхээс өөрийг хэлсэнгүй.


Энэ удаагийн сонгон шалгаруулалтад олон бүсгүй оролцсон учраас сар мандаж шөнө дүл болоход сая Мэйжуан бид хоёрын ээлж ирлээ. Ордон болоод зам дагуу өдий төдий дэн байрлуулжээ. Мэйжуан бид хоёр дөрвөн бүсгүйн хамт дотогш хөл тавьж, тайганы дуугаар сөхөрч мөргөөд улмаар босож шалгаруулалтад орлоо. Хөгшин тайган:


“Зянсугийн Яньдао Езиэний Е Фанчунь, 18 настай”
“Сүжоүгийн Жи Засюний Сюнь Мяоцин, 17 настай”
“Сюаньчэн Жи Фүфүгийн Фү Сяотан, 13 настай” гэж дуудах дуунаар би толгой гудайн газар ширтэн зогсвой. Нэр дуудсан охид сөгдөн ёслоход толгойн гоёл нь жин жинхийн харшилдаж, дэргэд зогсох охид айж сандарсандаа дагжин чичирч байхыг үзээд дотроо бол инээж байлаа.


Тэсэлгүй хатантны сэнтий рүү сэм харав. Үүлэн ордон уужим цэлгэр, баганасыг үүлэн хээгээр чимэглэсэн нь сүрлэг агаад төгөлдөр. 
“Зижоугийн захирагч түшмэл Чэнь Зышаний Чэнь Мэйжуан, 16 настай” гэж дуудахад Мэйжуан урагш гарч мэхийн ёслоод “Чэнь Мэйжуан бээр хаан эзэн, хатан ахайтанд мөргөж байна. Хаантан түм наслах болтугай. Хатантан мянга наслах болтугай” гээд сөгдлөө.
Хаантан сэнтийдээ залраад “Чи ямар ямар судар үзсэн бэ?” гэж сонирхон асуухад уужим саруулхан танхимд дуу нь цуурайтаж, тэрбээр бага зэрэг ёжлонгуй өнгөөр ийн асууж буй нь илэрхий. 


Мэйжуан “Өчүүхэн би бээр үзсэн ном судар цөөн. Бүсгүй хүний ёс, Бүсгүй хүний чандлан дээдэлбэл зохих дэг журмыг уншсан төдий. Мэддэг ханз ч барагтайхан” хэмээн ихэд бишрэнгүй өгүүлэхэд хаантан “Энэ хоёр сударт эмэгтэй хүнд байвал зохих эрдэм ёсыг өгүүлсэн. Болно оо” гэлээ.


Хатантан “Даруухан бүсгүй юм. Тэдгээр ном судрыг уншсан атлаа мэддэг ханз цөөн гэж хэлж байна” гэхэд Мэйжуан “Хатантны магтаалд талархъя” гэвэл хатантан тайганд хандаж “Түүнийг ордонд үлдээ” хэмээв. Мэйжуан ухарч миний дэргэд ирж зогсоод өөдөөс минь хараад инээмсэглэнэ. Царай зүс тэгш, бие хаа гоолиг түүнийг сонгох нь баараггүй гэдэгт би итгэлтэй байлаа. Энэ мөчид ордны тайган “Түүх судрын яамны дэд сайд Жэнь Юаньдаогийн охин Жэнь Хуань, 15 настай” хэмээн дуудахад би урагш хоёр алхаж, сөгдөн суугаад толгой өргөн “Жэнь Хуань би бээр хаан эзэн, хатан ахайтанд мөргөж байна. Хаантан түм наслах болтугай. Хатантан мянга наслах болтугай” гэвэл хаантан хөнгөн дуу алдаад “Жэнь Хуань гэв үү? Хуань нь ямар бичлэгтэй билээ?” гэхэд би толгой мэхийн ёслоод “Цай Шэний бичсэн шүлэгт гардаг Хуань буюу бүжигчин хүний уян налархай хөдөлгөөнийг илэрхийлсэн утгатай үг билээ” гэж хэлээд амаа барив. Гэсэн ч нэгэнт оройтжээ. Ам алдвал барьж болдоггүй гэдэг шүү дээ. Хаан эзэнтэнд зааж сургамжилсан гэм үүрнэ. Ийм ч юм байх гэж!

Гэвч хаантан “Чи их эрдэмтэй охин байна шүү. Жэнь Юаньдао сайд охиноо сайн хүмүүжүүлжээ. Харин охин нь өөрийн нэрэндээ дүйх эсэхийг мэдэхгүй юм. Толгойгоо өргө дөө” гэсээр инээд алдан өгүүлэв. 


Би ч ялаас хэлтрэх нь өнгөрч дээ гэж бодоод дээш харахдаа олноос онцгойртлоо гоёж гоодоогүй намайг эзэнтэн юу гэж таалах вэ гэж санасан төдий.


Энэ үед хатантан “Наашаа дөхөөд ир” гэсэнд дэргэдэх тайган урд минь аягатай цай асгалаа. Би ер ажирсан шинжгүй асгарсан цайн дээгүүр гишгэн урагш хоёр алхвал хатантан “Цэх явдалтай юм” гэж байна.


Хаантан арван хоёр цагаан хаш хэлхсэн бугуйвчтай гараа бага зэрэг өргөөд “Сэтгэл татам уран налархай усгал дөлгөөн хөдөлгөөнтэй гэдэг байх аа. Чи үнэхээр ийм нэртэй байхаас ч аргагүй бүсгүй юм” гэсээр магтаал хүртээв.


Хатантан “Өмсгөл зүүсгэл нь ч цэвэр сайхан, Чэнь түшмэлийн охинтой ёстой л хосолжээ” гэсэнд би эрхгүй нүүр улайн толгой гудайгаад чимээгүйхэн зогслоо. Нүдний өмнүүр алтан шаргал очис жирэлзэн өнгөрч, анхилуун үнэр сэнхийнэ.


Хаантан инээд алдан толгой дохиод дэргэдэх тайгандаа “Энэ бүсгүйг ордонд үлдээ” гэж тушаахад хатантан “Өнөөдөр сонгож ордонд үлдээсэн охид бүгд зүс царай тэгш, олноос онцгой, эрдэм номтой, эелдэг дөлгөөн ааштай тул ордонд өнгө зүс, сүр жавхаа нэмэх нь гарцаагүй” гэлээ. Хаантан үүний хариуд инээмсэглэх ажээ.


Өмнө минь байх өндөр сэнтийд залран буй энэ хүн насан туршдаа түшин тулж явах хань нөхөр минь юм гэж үү хэмээн санахуйяа зүрх базлах шиг. Би мөргөж ёслоод хойш ухрав. Мэйжуан над руу сэмхэн инээмсэглэхийг хараад хариу инээмсэглэсэн боловч үнэндээ сэтгэл уймраад болох биш. Ордонд үлдэх нь гэж бодоход нэг л хачин жигтэй. Ордны ёсоор тухайн бүсгүй хааны таалалд нийцсэн эсэхээс үл хамаараад мэхийн ёсолж замчлагч тайганыг даган ордноос гардаг. 


Үүлэн ордноос гарах тэрүүхэн мөчид ард түсхийх бөглүүхэн дуу гарч эргээд харвал бидэнтэй хамт их өргөөний хаалгаар орсон Зянсугийн Е Фанчунь бүсгүй ухаан алдсан нь тэр болой. Царай нь цонхийж, хар хөлс нь цувсан бүсгүй хааны таалалд нийцээгүй гэдэгтээ итгэж ядсан нь лав. 


“Үлдэхийг хүссэн нь үлдэж чадаагүй атал харихыг хүссэн нь үлдэж байдаг. Хорвоо гэж мөн ч таашгүй эд юм даа” хэмээн шүүрс алдан хэлэхүйд ордны тайганууд өнөөх бүсгүйг дамжлан гарч явлаа.


Мэйжуан гараас минь атгаад “Дүү минь, ингэж ярьвал алдас болно. Ордонд үлдэнэ гэдэг чинь өндөр дээд хувь тохиол шүү дээ. Тэр болгонд тохиогоод байдаггүй ерөөл тавилан. Хоёул хамтдаа ордонд үлдэхээр болсон хойно хэн хэндээ түшигтэй ханьтай сайхан биш гэж үү? Жэнь ах үүнийг мэдээд хөл хөөр болох нь лав” гэх ажээ.


Би хормойн дээрх лисийн цэцгэн хээгээ илээд хэсэг бодолхийлсний эцэст “Мэй эгч ээ, би үнэндээ санаандгүй л ам алдлаа” гэхээс өөрийг хэлсэнгүй. 


Мэйжуан ханцуйнаас минь бариад “Би ойлгож байна аа. Гэхдээ л чам шиг зүс сайтай охин ордонд үлдэнэ гэдгийг мэдэж байсан гэвэл буруудахгүй шүү” гэлээ.


Энэ зуур дэн барьсан шивэгчин бүсгүй дөхөж ирээд бид хоёрыг замчлан ордноос гаргаж “Хоёр бүсгүй ордонд үлдэх болсонд баяр хүргэе” гээд мэхийн ёслоход бид хоёр мөнгөн зоосоор түүнийг шагнаад, Асралт өлзий хаалгаар гадагш гарав. 


Хаалганы цаана хэдхэн жууз үлджээ. Жууз тэрэгний урд талд тогтоосон шилэн дэнлүүнүүд салхинд дайвалзана. Жуузан дотор надад бараа болдог Люжү, Хуаньби хоёр хүлээн сууна. Мэйжуан бид хоёрыг гарч ирэхийг хараад жуузнаас үсрэн бууж, Хуаньби “Авхай их ядрав уу?” гэсээр гараас минь атгахад Люжү хоргой нөмрөг авчирч нөмрүүллээ.


Мэйжуан өөрийн шивэгчин Цайюэг дагуулан жуузандаа суугаад манайхны дэргэдүүр өнгөрөхдөө алчуураараа дэвэн “Ордны хүмүүс тун удахгүй танай манай хоёрынд ирж ёслол гүйцэтгэн бид хоёрыг ордонд дагуулж орно. Тэр болтол хоёулаа тааралдахгүй тул сайн сууж байгаарай” гээд давхин одлоо. 


Би толгой дохиход ордны тайган “Авхайд баяр хүргэе!” гэсээр намайг үдэж мордуулав.


Цонхны хөшгийг нээж дээш харвал бэх асгасан лугаа адил харанхуй тэнгэрт түгсэн түмэн оддын сүүмэн гэрэлд үүлс хөшилдөн, Их ордон сүр бараатай сүндэрлэх амуй.


 

Shuud.mn
Сонин хачин
Арын орлны рү игийн хайр
2021-06-18
зочин:
nepko-с орчуулаад 7боть ном гаргасан байна их дэлгүүрт зарж байсан их уншууртай ном санагдсан 7 цуврал номыг сарын хугацаанд уншиж дууссан одоо яах бол гэсэн бодол ерөөсөө салаагүй шүү дуусчих вий дээ гэж уншсан номын тоо маань 1р нэмэгдсэн үнэхээр уншсандаа сэтгэл хангалуун байгаа
2019-01-22
уншигч:
Арын ордны нууц. зохиолын монгол хэл дээрх номыг хаанаас олж унших вэ?
2018-12-02
зочин:
nepko-с орчуулаад 7боть ном гаргасан байна их дэлгүүрт зарж байсан их уншууртай ном санагдсан 7 цуврал номыг сарын хугацаанд уншиж дууссан одоо яах бол гэсэн бодол ерөөсөө салаагүй шүү дуусчих вий дээ гэж уншсан номын тоо маань 1р нэмэгдсэн үнэхээр уншсандаа сэтгэл хангалуун байгаа
Maral:
O.mend urgejlel bdag u
2018-06-21
Maral:
o.mend kino-nii neriig ni khelj bolokh u
2018-06-21
Арын орлны рү игийн хайр
Хатдын ордныг арын ордон, түшмэдийн ордныг өвөр ордон гэдэг билээ.
2018-03-29
Kino ni bur goy
2018-03-25
Maral:
o.mend kino-nii neriig ni khelj bolokh u
зочин:
Улам л хужаатайгаа ойртоод байна. Зохиолыг нь орчуулаад л. Нэг өдөр Монголын радио хужаагаар мэндчилэх вий Энэнээс л айж байна.
2018-03-24
зочин:
Хужаа юмаа орчуулж тавихаа болиоч. Монгол зохиол байгаа шүү дэ та нар л олж чадахгүй байгаа даа. Уйгаржин дээр бичсэн зүйлс байж л байгаа.
2018-03-24
ordny aryn nuuts geed bicheech dee
2018-03-24
Хатдын ордныг арын ордон, түшмэдийн ордныг өвөр ордон гэдэг билээ.