Гадуур эдлэх "БҮРЭН ЭРХ"-ийг түдгэлзүүлье
2018-04-09

 

Хаврын  чуулган нээлтээ хийгээд ажил ч ид өрнөж, асуудал ч ар араасаа ундарлаа.  Чуулган нээлттэй зэрэгцээд гишүүдийн ёсзүйн хариуцлага, сахилга бат  давхар яригдсан.  Хүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Д.Гантулга гишүүнийг яллагдагчаар татсан бичгээ прокурор хүргүүлсэн байна.  Тиймээс Д.Гантулга  УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлээд  шударга үнэнийг шалгуулна хэмээн  өргөдлөө өгсөн хэдий ч  дээрх асуудлаарх хуулийн заалт нэгэнтээ хүчингүй болжээ.

 

Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн  "6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ: 6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд" гэсэн заалтыг ҮХЦ-ийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ. Энэ асуудлаар УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцсэн тавигдсан энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг, Халдашгүй байдлын байнгын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх “хууль эрхзүйн үндэслэлгүй” гэсэн тайлбар хийж байна.  Харин одоо УИХ-ын тухай хуулиа эргэн  харж, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж гишүүд  ярьж байна лээ. Прокурор руу ч дээрх тайлбар бүхий хавтастай  хуулийн хугацаанд  хүргэгдсэн байх.  

 

Ер нь өнөөдрийн үйлчилж байгаа  УИХ-ын тухай хуулиар  “6.6.5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” бол УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болно. Түүнчлэн уг хуулийн   “6.6.6. гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” тохиолдолд  УИХ-аар хэлэлцэхгүйгээр асуудал шийдэгдэх заалттай байна.  

 

Хэрвээ хуулийн байгууллагынхан УИХ-ын тайлбарыг хүлээн аваад дараагийн алхмаа хийвэл Хэнтийн аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдах магадлалтай. 

 

 Асуудал шүүхийн шийдвэрээр явагдах уу, улс төрийн тохироогоор шийдэгдэх үү үү гэдгийг олон нийт ажигласаар байгаа.

 

 “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөсөн УИХ-ын гишүүд өнөөдөр авлига хээл хахуулаас эхлээд хүчингийн хэрэгт хүртэл холбогдож байгаа нь  хувь гишүүний төдийгүй төрийн нэр хүндийг гутааж байгаа үйлдэл.  Аливаа хүний хэрэг үйлдсэн эсэхийг зөвхөн шүүх тогтооно, түүнээс өмнөх сэжиглэгдэх, шалгагдах процесст тэр хүнийг буруутан, гэмт хэрэгтэн  гэж үзэх үндэслэлгүй гэдэг. Гэсэн хэдий ч “нэр хугарахаар яс хугар” гэдэг ардын үгийг огоорч болохгүй.  Тэр дундаа төрийн өндөр албан тушаал хашиж байгаа эрхэмд төрийн хар хүний ноён нуруу, ухаан заах нь наад захын асуудал.  Гэвч өнөөгийн төрийн түшээдэд  нийтийн гэхээсээ хувийн сонирхол давамгайлж байгааг нийгмийн сүлжээгээр тархаж байгаа  “явган яриа”-аас харагдана. Хэдийгээр нийгмийн сүлжээнд итгэж болохгүй гэдэг ч, олны үг ортой.  

 

Энэ хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга М.Энхболд  гишүүдийг хариуцлагаа өндөрсгөхийг дахин сануулсан. Тухайлбал, хаврын чуулганы нээлт дээр “Иргэдийг бухимдуулж, төрдөө итгэх итгэлийг нь ээдүүлж байгаа энэ асуудалд төр, түмнээ гэсэн сэтгэлээр хандаж, шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. Тиймээс хариуцлагатай, ёс зүйтэй байх асуудлыг УИХ өөрөөсөө эхэлнэ хэмээн би сонгогчдодоо амласан. Эхний ээлжинд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцлагыг чангатгах ажлаа эхэлнэ. Та биднийг сонгогчид маань өөрийгөө төлөөлүүлэн Төрд илгээсэн. Тиймээс бид хэн нэгний, эсвэл өөрийнхөө төлөө биш, тэдний төлөө ажиллах ёстой. Өөрийнхөө сайнд сонгогдсон, төрийг би л түшиж байгаа гэж бодож болохгүйн учир энэ. Биднийг төлөөлөх үүргээ гишүүд хариуцлагагүй биелүүлж байна гэж тэд анхааруулж байна. Тиймээс үүргээ муу биелүүлсэн, сонгогчдынхоо итгэлийг алдсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг дээрх хуулиудад тусгах болно.    УИХ-ын гишүүний ёс зүй Монгол төрийн нүүр царай болж байдаг гэдгийг дор бүрнээ санаж ухаарцгаая” гэдийг анхааруулсан. Хэрвээ хуульдаа өөрчлөлт оруулах гэж үндсэн ажлаа хойш нь тавьж, хурлаа таслан, гадуур "бүрэн эрх"-ээ эдэлдэг эрхмүүдэд ч төрийн ажлыг мэдрүүлмээр. Иргэд төрд зүтгэ гэж сонгосноос бус гадуур сэлгүүцэх эрхийг олгоогүй. 

Тиймээс УИХ-ын тухай хуульд хуралдаандаа оролцохгүй бол цалин хасах бус "бүрэн эрх"-ийг нь түдгэлзүүлэх асуудлыг ч хөндөх хэрэгтэй. Мэдээж, хуулийг хэлэлцэх үедээ "түдгэлзүүлэх" заалтаа сэргээх байлгүй.   

Н.Энхлэн 

 

 

Shuud.mn
Сонин хачин