Ялгаварлагдсан “БАЯН” хүүхдүүд
2018-04-11

2004 оноос Хүүхдийн мөнгийг олгож эхэлснээс хойш өнөөг хүртэл шийдлээ олоогүй асуудал хэвээр байсаар байна. Хичнээн хүүхдэд хэдэн төгрөг олгох нь сонгууль бүрийн амлалт болж, үе үеийн Засгийн газар, парламентын ажил болдог улигт уламжлалтай. Энэ ёсыг М.Энхболдын парламент, У.Хүрэлсүхийн танхим ч тойрсонгүй. Одоо бүр төрийн тэргүүн ч энэ асуудлаас хойш суусангүй.

 

 

Засгийн газар хүүхдүүдийн 80 хувьд 20 мянган төгрөгийн тэтгэмж олгох шийдвэрийг гаргаж, өчигдөр УИХ-д өргөн мэдүүллээ. Одоо нийт хүүхдийн 60 хувь буюу 684 мянган хүүхдэд 162 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмжийг олгож буй. Харин 80 хувь болгосноор 228 000 хүүхэд нэмэгдэж, төсөв нь 41 тэрбум төгрөгөөр өсөх тооцоог Засгийн газар хийжээ. Харин мөнгийг түвэггүйхэн, төсвийн нэмэлт орлогоор шийдэхээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлж байна. Ингэснээр нийтдээ 912 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмж авна. Монгол Улс 1 150 000 хүүхэдтэй. Тэгэхээр 238 мянган хүүхэд төрийн тэтгэмжийн гадна үлдэнэ гэсэн үг. Харин хэний хүүхэд хүрээний гадна үлдэж буйг мэдэх боломжгүй. Г.Занданшатар сайдын өгсөн мэдээллээр нийт хүүхдийн 8 хувь нь мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргадаггүй. Өөрөөр хэлбэл огт авдаггүй. Мөн 20 орчим хувь нь авах шаардлагагүй гэнэ. Бодвол, өрхийн амжиргааны судалгааг үндэслэн баян айлын хүүхэд хэмээн үлдээсэн биз.

 

Энэ төсөлтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга бүх хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох саналаа УИХ-д өргөн бариад буй. 60 байсан хувийг 80 болгон өсгөсөн нь Засгийн газарт мөнгөгүйн зовлон байхгүйг илтгэж буй учраас хүүхдүүдийг алагчлах ёсгүй гэж төрийн тэргүүн үзэв. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга “хүүхдийн мөнгө бол халамж биш хүн амаа өсгөх улсын бодлого” хэмээн хүүхдийг багаас нь баян, ядуу гэж ялгаварлан алагчлахгүй байхыг Засгийн газарт сануулсан. Гэвч Засгийн газар Ерөнхийлөгчийн үгийг бэлгэдэл хэмээн хүлээн авч, өөрийн төслөө УИХ-д өглөө. Эцсийн шийдвэрийг УИХ-ын гишүүд гаргана. Ерөнхийлөгчийн саналаар хүүхэд бүрт сарын 20 мянган төгрөгийг олгох уу. Эсвэл Засгийн газрын төслөөр 80 хувьд нь өгч, 238 мянган хүүхдийг үлдээх үү.

 

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлснээр сарын 20 мянган төгрөг ХАЛАМЖ биш хүн амаа өсгөх төрийн БОДЛОГО байсан ч болоосой. Тийм байсан бол үе үеийн Засгийн газар, УИХ Хүүхдийн мөнгө гэх тоглоом тоглохгүй. Зөвхөн төсвийг нь баталж, үлдсэнийг нь хэрэгжүүлэгч байгууллагуудад даатгах байв. Жилд хэдэн хүүхэд шинээр мэндэлнэ тэр бүрээ тооцоод, мөнгө бодож өгөх нь л хууль санаачилж, батлагчдын ажил болох байж. Гэвч хүүхдийн мөнгө хүссэнээр төрийн бодлого бус улстөрчдийн тоглоом гэдгийг өрнөх үйл явц бэлээхэн харуулна. Бүх хүүхдэд өгнө-ҮГҮЙ ээ-60 хувьд нь өглөө-нэмээд 80 хувь болголоо гэхчлэнгээр өнгөө хувирах тогтоол шийдвэрийг төрийн бодлого гэж нэрлэхээс ичмээр.

 

Үнэндээ сарын 20 000 төгрөг амьдралыг гийгүүлээд, ард иргэдийг тэтгэж тэжээгээд байгаа гэвэл эндүүрэл. Хорин мянган төгрөгтэй ч өглөө болно, энэ мөнгөгүй ч үүр цайлгана. Тэгэхээр хамгийн оновчтой тодорхойлолт нь Хүүхдийн мөнгө гэх нэртэй 20 мянган төгрөг намуудын, улстөрчдийн “амны алчуур”. Сонгуулиар өгсөн амлалтынхаа шүлсийг энэ мөнгөөр арчдаг. Тиймдээ ч өөрсдийн хүсэл тааллаар өөрчилж, хүүхдийг баян хоосноор нь ялгаварлах нь энүүхний асуудал.  

 

Өнөөдөр 60 хувийг хамарч байгаа Хүүхдийн мөнгө маргааш 80 эсвэл 100 хувь болохыг улстөрчдийн хүсэл тааллаас өөр хэн ч үл мэднэ. Мэдэгдэж буй зүйл нь Засгийн газар 238 мянган хүүхдийг БАЯН хэмээн ялгаварлалаа. Харин Ерөнхийлөгч хүүхэд бүрт ХАЙР зарлалаа. Хэний хүслийг биелэхээ ЭРХЭМ түшээд ах, эгч нар маань шийднэ, төрийн тоглоомын дүрэм тэдний гарт бий.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Тархины тураалтануудыг битгий давраагаач, авилгачидаа.Наадуулын чинь халамжийг нэмэх тусам улам даварна. Улс үндэстний өр энэ жил ямар хэмжээгээр өсөж байгааг бодооч. Гуйя.
2018-04-12