Та хэзээ хүүхдээ чин сэтгэлээсээ сонссон бэ
2018-04-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Сэтгэл айдас төрүүлэм түгшүүртэй хөгжим, долгионтой урт хүрэн үстэй, цасан цагаан оготор даашинзтай охин шийдэмгий алхсаар ямар нэгэн зүйлийн ирмэгт тулж ирэв. Энэ хүртэл маш шийдэмгий алхсан тэр “Миний охион, битгий” гэж хашгирах эмэгтэйн дуунаар эргэлзэн зогслоо. Тэр амиа хорлохоор шийджээ.

 

Түүнийг Аялгуу гэдэг. Багаасаа аавын хайрыг мэдрэлгүй, ээжтэйгээ өссөн. Өсвөр насны охинтой ээж нь Сүхээ гэгчтэй сэтгэлийн холбоотой болж, охиноо түүнд сайн хандахыг байнга шаардана. Тэр “хумсаа нуусан муур” мэт эр Аялгууг өөрийнхөө үгэнд орсонгүй хэмээн гар хүрч, нүдийг нь хөхөртөл цохив. Энэ үед ч түүний ээж нөгөөх Сүхээгийн талд байсаар. Охин нь хичнээн чухал үнэнийг хэлэх гээд чадахгүй байгааг эх огтхон ч сонсохгүй, бүр тоохгүй явсаар л...

 

Энэ бол зохиолч Т.Бум-Эрдэнэ зохиолыг нь бичиж, МУГЖ Б.Жаргалсайхан захиралтай “Хангарьд” нэгдлийн уран бүтээлчдийн бүтээсэн “Хайрлахын учир” тайзны жүжгийн нэг хэсэг. Тэд манай нийгэмд хаалганы цаана үйлдэгддэг бусармаг байдлыг   бодит үнэнээр нь ийнхүү тайзан дээр амилуулж, бидэнд сэхээ, дохио өгөхийг хүсчээ.Энэ бол зөвхөн нэг хэсэг. Энд өгүүлээгүй маш олон гашуун үнэн байгаа. Тэдний нэг ч болов ээдрээ зангилааг тайлах энэ жүжиг үнэхээр чамбай бүтээл болжээ.

 

ЦАГДААГИЙН АХМАД Д.БУДЗААН: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ҮЗВЭЛ ИЛҮҮ ИХИЙГ ОЙЛГОХ БОЛОВ УУ

 

 

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй олон талт үйл ажиллагааны нэг нь энэхүү тайзны жүжиг юм. Энэхүү бүтээлийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулжээ. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр зохион байгуулж буй нөлөөллийн үйл ажиллагаа бол “Хайрлахын учир” жүжиг. “Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооё” уриатай энэ жүжигт хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн оролцоо ямар байгаа, юуг анхаарах вэ гээд олон зүйлийг харуулсан. Эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ үзвэл илүү ихийг ойлгох болов уу гэж бодож байна” гэж ярьсан юм.

 

ЗОХИОЛЧ Т.БУМ-ЭРДЭНЭ: САЙН ХҮНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭХ БУЛАГ НЬ ГЭР БҮЛ ЮМ

 

 

-Би ерөнхий концевцио барихдаа хувь хүн, Монгол хүн, сайн хүнийг хүмүүжүүлэх эх булаг нь гэр бүл юм. Гэр бүл ямар байна, тийм хүүхэд төлөвшин нийгмийн амьдралд оролцож байна. Тэр хүүхэд буруу зам руу хальтрах уу, зөв замаар явах уу гэдэг нь тэрхүү гэр бүлээс шалтгаалж байна. Бид үр, хүүхдээ сонсож, хайрлаж байх ёстой. Хүүхэд хайр дунд өсөх учиртай. Хүүхдүүдээ зөв, сайхан хүмүүжүүлвэл зөв, сайхан ард түмэнтэй улс орон болох юм. Цагдаагийн байгууллагаас санаачилан энэхүү жүжгийг бүтээж буй нь урлаг соёлоор дамжуулан үр хүүхдээ хүмүүжүүлэх маш нарийн, том үйл ажиллагаа юм байна гэж ойлгосон. Богино хэмжээний энэхүү жүжгийн санаагаа ингэж л барьсан.

 

Хүүхдүүдээ сонсоцгооё, хайрлацгаая бие биенээ хүндэлье. Энэ ерөнхий мэт сонсогдож байгаа боловч нарийн нандин үг. Би энэ жүжгийн зохиолыг бичих гэж хангалттай судалгааны баримт, кейсүүд дээр ажилласан. Бид яагаад энэ нөхцөл байдлыг үүсгээд байна вэ, гэдгийг том хүн бүр ухаарч өөр өөрсдийн халуун дулаан гэр бүл рүүгээ нэг удаа ч гэсэн өнгийх ёстой юм биш үү. Тэгээд хүүхдүүдээ нэг удаа ч гэсэн анзаарч, тэднийгээ сонсож, хайрлая. Нэлээн нээлттэй байхгүй бол битүү хатуу яваад байдаг цаг өөр болчихжээ. Хүүхдийг халан дунд бус хайраар өсгөх ёстой юм байна. Гэхдээ хайрлана гэдэг бол эрхлүүлэхийн нэр бус. Хайрлах, сонсох ёстой юм байна, тэднийг. Энэ орчлонд нэг л хувь заяаг олж төрсөн учир алдах эрхгүй юм гэдэг санааг л харуулахыг зорьсон доо.

 

НАЙРУУЛАГЧ, МУГЖ Б.ЖАРГАЛСАЙХАН: ТАЙЗАН ДЭЭР ХҮЧИРХИЙЛЛИЙГ ГАРГАХААСАА ИЛҮҮ ҮЗЭГЧДИЙГ ОЙЛГОЖ, УХААРУУЛАХЫГ ЗОРЬСОН

 

 

-Цагдаагийн ерөнхий газар, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хийж байгаа энэ жүжиг маань цаг үеэ олсон үр дүнтэй ажил болно гэдэгт итгэлтэй байна. Зохиолтойгоо яриад, ажиллаад эхлэхэд нэлээн асуудал тулгарч байсан. Яг аль өнцгөөс нь, яаж хүргэж вэ гээд л  санаагаа олоод жүжиг маань өнөөдөр /2018.04.16/ нээлтээ хийж байна. Мянга сонсохоор нэг удаа үз гэж ярьдаг. Кино болон тайзны урлаг үзэгчдэд маш их нөлөөллийг өгч байдаг. “Хайрлахын учир” жүжиг ч мөн маш том ач холбогдол, нөлөө өгөх байх. Урлагаар, тайзаар дамжуулан нөлөөлөл, ач холбогдол өгнө гэдэг маш чухал асуудал. Тухайн жүжигт гарч буй үйл явдлыг үзэгч хараад тэнд өрнөж буй буруу, зөв үйл явдлыг өөртөө тусгаж авдаг. Эцэг, эхчүүд бид аль төлөөллийн хүн болж таарах вэ гэдгээ жүжгээ үзээд гэр рүүгээ алхаж байх зуураа бодно. Хүүхэд, залууст их нөлөөлөл үзүүлэх жүжиг гэдгийг бүрэн дүүрэн хэлж чадна. Улсын үндэс бол гэр бүл, түүний амин хэлхээ нь хүүхэд. Хүүхдэд нөлөөлдөг анхдагч орчин нь гэр бүл. Тайзан дээр энэ бүтээлийг гаргахад хүчирхийллийг гаргахаасаа илүү үзэгчдийг ойлгож, ухааруулах үүднээс бүтээсэн.

 

О.АЛТАНСҮХ: ХҮҮХДИЙГ ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ ГЭДЭГТ БҮХ ХҮНИЙ АНХААРЛЫГ ХАНДУУЛАХ НЬ ЧУХАЛ

 

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа бидний үндсэн үзэл санаа бол “Хүүхдийн амьдарч буй орчинд түүнийг яаж хамгаалах вэ” гэдэгт бүх оролцогчийн анхаарлыг хандуулахад байгаа юм. Өөрөөр хэлбэл, сургуулийн орчинд багш, эцэг, эхчүүд, нийгмийн ажилтнууд, үе тэнгийнхнийх нь анхаарлыг тэдэнд хандуулах. Хүүхдийн эрхийг хамгаалах ёстой. Эдгээр ажлын нэг хэсэг бол энэ жүжиг. Хүнийг хайрлана гэдэг бол өөрийнхөө болоод бусдын эрхийг хамгаалж буй хамгийн чухал сэдэв гэдгийг харуулсан нь энэ уран бүтээлийн онцлог болсон” гэв.

 

Өчигдөрхөн анхны үзэгчдэдээ хүрсэн энэхүү жүжиг энэ сарын 18, 23, 24, 26-нд 12:00, 14:00, 16:00 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа үзэгчдийн хүртээл болно. Жүжгийн гол дүр Аялгуу амиа хорлоогүй, ээжтэйгээ ойлголцсон. Яаж гэдгийг нь, яагаад хүүхдээ сонсох ёстойг, таны хүүхэд өөрийн чинь оролцоогүйгээр ямар ирээдүйг бүтээж болохыг, та оролцсоноор юуг өөрчилж чадахыг хүүгээ, охиноо дагуулаад “Хайрлахын учир”-аас тольдоорой.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Shuud.mn
Сонин хачин
концевцио hahaha ene yamar ug vee xaaaaa.
2018-04-17