Хотын дарга С.Батболд Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд ажиллав
2018-04-23

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн хэлтэс, албад, харьяа агентлагийн дарга нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Энэхүү уулзалтад тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд оролцов.

 

Нийслэлийн төр, захиргааны удирдлагууд урьд өмнө нь ийнхүү анхан шатны хороодод бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаагүй, анхны тохиолдол энэ болж буйг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва уулзалтын үеэр онцолж байв. Эдгээр хороод Баянхошууны баруун, зүүн салаанд байрладаг бөгөөд нийслэлийн хүн ам олонтой хорооны тоонд багтдаг юм.

 

Энэхүү уулзалтаар Иргэдийн оролцоотой бүтээн байгуулалтын жилийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ажил, арга хэмжээ, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөх чиглэлээр хийж байгаа төслийн хэрэгжилт, явцын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нар болон холбогдох албаны хүмүүс иргэдэд мэдээлэл өгч иргэдийн үгийг сонсов.

 

Иргэдийн зүгээс гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгох, камержуулах, автобусны хүртээмжийг сайжруулж, буудал хоорондын зайг ойртуулах, зарим ойр буудлын зайг холдуулж тэнцвэржүүлэх, хүүхдийн цэцэрлэг нэмж байгуулах, сургуулийн автобустай болгох, баруун салаа орчмын намагтай газруудад ус зайлуулах хоолой тавих, Хилчин хорооллын подвалын усыг шавхах, гудамжуудын хаягийг жигдрүүлэх зэрэг саналыг тавьж байлаа.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд иргэдэд хандан хэлэхдээ “Энэ удаагийн уулзалтад Нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нар ирж иргэдийнхээ үгийг сонсч байна. Сонгинохайрхан дүүрэг 320 мянган хүн амтай. Энэ бол 5 аймгийн хэмжээний хүн ам гэсэн үг. Хэтэрхий нүсэр болж байна. Ингээд УИХ, Засгийн газрын гишүүдтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хувааж тус бүр хоёр дүүрэг болгон хувааж, хороодыг жижиглэх талаар ярьж байгаа. Ингэхгүй бол төрийг үйлчилгээг иргэдэд хүргэхэд хэцүү. Хороодын дарга нар 20-30 мянган хүнтэй ажиллаж байна. Дүүрэг хуваах нь албан тушаалтныг олшруулах юм уу, улс төрийн зорилготой биш. Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилготой. Дүүрэг хуваах талаар тавдугаар сарын эхний 15 хоногт иргэдээс санал асуулга явуулна.

 

2020 он гэхэд бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлж, 3-6 насны хүүхдийн 85 хувийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьсан. Хүн ам олонтой Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт сургууль, цэцэрлэг түлхүү барих зорилт тавьж байна.

 

Нийтийн тээврийн хүртээмжийн хувьд БНСУ-аас 500 автобус авахаар гэрээ, хэлэлцээ хийж, ярилцаж байна. Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр Европоос 200 шинэ автобус худалдаж авна. Эдгээрээр 2019 онд парк шинэчлэлт хийнэ.

 

Эрүүл мэндийн салбарын хувьд Сонгинохайрхан дүүрэгт ирэх намар гэхэд дэлхийн жишигт хүрсэн 250 мянган хүнд үйлчлэх эмнэлгийг барьж ашиглалтад оруулна. Иргэдэд үйлчлэх эмнэлгийн үйлчилгээ цоо шинэ шатанд гарна. Дүүргүүдийн өрхийн эмнэлгүүдэд 15 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж байна.

 

Хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг, төрөхүүдийн гадна талын тохижилтыг хийж байна. Дүүргийн эмнэлгүүдэд гэмтэл, мэс заслын тасгуудыг сэргээж байна.

 

Эрчим хүчний хангамжийн хувьд Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар Баянхошуу дэд төвийн том шугам татаж байна. 200 айл нийлж нэг дэд бүтцийн төв байгуулаад, цэвэр, бохир ус, цахилганы асуудлыг нь шийдэх  Сервис центр байгуулах ажил эхэлж байна. 2020 он гэхэд 50 төв байгуулах төлөвлөгөөтэй, энэ онд эхний хоёрыг байгуулна. Төвийн бүсийн гэр хорооллыг  төвлөрсөн шугам сүлжээнд холбосон өндөр давхрын орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ. Дундын бүсийн гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв төслөөр хөгжүүлнэ. Захын бүсийн гэр хороололыг технологийн бүс гэж зарласан. Айл бүр дээр технологийн шинэ шийдэл нэвтрүүлнэ. Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд бид иргэдийнхээ үгийг сонсч байна” гэлээ.

 

Иргэд газар дээр нь ирж байдалтай танилцан санал хүсэлтийг нь сонссонд нийслэлийн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

 

Дүүрэг хувааж, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах чиглэлээр ямар бодолтой байгаа талаар нь уулзалтын үеэр зарим иргэний байр суурийг сонслоо.

 

СХД-ийн 24 дүгээр хорооны иргэн Ц.Амарсайхан:

 

-Дүүрэг хуваах ажлыг маш их дэмжиж байна. Сонгинохайрхан дүүрэг асар том нутаг дэвсгэртэй. Хаа байгаа Толгойт, Орбит, Баянхошуунаас эхлээд хуучин Партизаны Сангийн аж ахуй, одоогийн Жаргалант тосгон хүртэл хэтэрхий том газартай. Дүүрэг хуваахад хүний тоо цөөрч үйлчилгээ хөрсөн дээрээ бууна гэж бодож байна. Одоо бол эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн, зарим газраа гэрэл цахилгааны хүртээмж тааруу байна. Манайх бол зургаан жил гэрэлгүй амьдарч байна. Дүүрэг хуваавал энэ байдал засарна гэж бодож байна.

 

СХД-ийн 24 дүгээр хорооны иргэн С.Удвал:

 

-Дүүрэг байтугай хороодоо хуваамаар байна. Манай хороо хүн амын нягтаршил их, 17 мянган хүн амтай болсон. Би өөрөө 24-р хорооны 9 дүгээр хэсгийн ахлагч хийдэг хүн. Иргэдэд хүрч ажиллахад хүндрэлтэй байдаг.

 

Иргэн Д.Дэлгэрмаа:

 

-Дүүрэг хуваавал иргэд бидэнд тал талын үйлчилгээ ойртоно. Одоо бол хороо, хэсгийн дарга, ахлагч нар иргэддээ ойр ажиллахад хүндрэлтэй харагддаг. Хэтэрхий олон хүнтэй болсон.

 

Иргэн Б.Оюун:

 

-Дүүрэг хуваах нь зөв байна. Хүн амд үйлчилгээ хүртэж дийлдэхгүй боллоо. Янз бүрийн ажил үйлчилгээ явуулах, хийхэд хүндрэлтэй байгаа. Зөв зүйтэй байна гэж бодож байна.

 

Иргэн Н.Батсүх:

 

-Энэ саналыг дэмжилгүй яах вэ. Дэмжихгүй хүн гарахгүй л байх. Хороодод ажиллаж байгаа хүмүүсийн ажил арай л хөнгөрч ирнэ. Хэдхэн хүн гүйцэж ажиллахад хэцүү харагддаг. Арай л нүсэр том дүүрэг, хороо болсон юм шиг бодогддог. Өрхийн эмнэлэг, цагдаа бүгдээрээ л ажлаа гүйцэхгүй санагдаад байгаа.

 

Иргэн Д.Оом:

 

-Дүүргээ хуваавал ажил, үйлчилгээ арай л дээрдэх байх. Хороог ч хуваах хэрэгтэй. Захгүй том болоод байна шүү.

 

Иргэн С.Мягмар:

 

-Хотын дарга зүйтэй үг хэллээ. Дүүрэг нүсэр байгаа. Их л олон хүнтэй болсон юм байна. Дүүрэг хуваавал цэцэрлэг, сургуулийн хүүхэд ч цөөрч, хүүхэд эрт тарахаас эхлээд хэрэгтэй л байна.

 

Иргэн Б.Цэрэн:

 

-Сонгинохайрхан том газартай, олон хүнтэй. Хуваах цаг болсон. Дүүрэг, хорооны дарга, ажилтнууд энэ захгүй их газар, энэ олон хүнд яаж хүртэж ажиллах вэ. Хороо гэхэд томхон сумаас ч олон хүнтэй, том газартай байна. Сумын төвийг 20 минутад тойрч болно. Манай хороо бол цаг алхаад ч тойрч хүрэхгүй л байх. Тэгэхээр саналыг дэмжиж байна гэлээ.

Shuud.mn
Сонин хачин