Газрын алба ажлаа тайлагналаа
2018-04-25

 

НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр (04.25)  хуралдлаа. Уг хурлаар нийслэл, дүүргийн газар өмчлөл болоод газар зохион байгуулалттай холбоотой асуудалуудыг хэлэлцсэн юм. Тус хуралд Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун албаныхаа үйл ажиллагааг танилцуулж энэ жил хийгдэж байгаа ажлаа тайлагналаа.

 

Тэрбээр “Газар зохион байгуулалт болон эзэмших, ашиглах, өмчлөх, төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр олон ажил хийлээ.  Газрын тухай хуульд нийцүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг өөрчлөлт орох хэлбэрээс үл хамааран 15 жилийн хугацаанд хуульд нийцүүлэн газар эзэмших ашиглах асуудлыг шийдвэрлүүлэхээр боллоо. Нийслэлийн Засаг даргын А779 тоот захирамжаар орон сууцны хороолол барилгуудын дунд сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газарт шинээр газар эзэмших эрх олгохгүй байх захирамж гарсан.

 

Газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор явган хүний гарц хаасан 129 барилгыг илрүүлж, 78 байршилд газар чөлөөлөх ажлыг хийлээ. Эдгээр ажил нь түгжрэл буурахад  их ач холбогдол өгсөн. Мөн төвийн зургаан дүүрэгт зөвшөөрөлгүй ажиллаж байсан 542 ТҮЦ-ийг илрүүлэн 373-ыг нь албадан чөлөөлж гудамж, талбайг чөлөөллөө.

 

Газар чөлөөлөлтийн талаар олон ажил хийснээс томоохон ажлуудыг дурдвал авто замын бүтээн байгуулалтын ажилд Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын 32,2км, Баянзүрхийн товчооноос Налайх чиглэлд 20,9км замыг чөлөөлсөн” хэмээн ажлаа тайлагналаа.

 

Мөн тус албанаас Газрын харилцааны төвийн нэгдсэн системийг нэвтрүүлж буй аж. Ингэснээр иргэд, аж ахуй нэгжүүд автомат хариулагч болон оператораас мэдээллээ ил тод, түргэн шуурхай авах нөхцөл бүрджээ. Иргэд шаардлагатай үед тухайн мэргэжилтэнтэй холбогдож зөвлөгөө авах талаар Юнител компанитай хамтран ажиллаж байгааг дуулгав.

 

З.Жамбал

Shuud.mn
Сонин хачин