Монголын сэтгүүлчдийг Энэтхэг улсад сургана
2018-04-25
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

 

Тэрбээр саяхан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ганцаарчилсан уулзалт хийлээ. Албан ёсны арга хэмжээний дараа сайд нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол-Энэтхэгийн стратегийн түншлэлийн харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа хөрөнгө оруулалт, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Цаашид олон салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

Хил хамгаалахын чиглэлд холбогдох байгууллагууд үр дүнтэй хамтран ажиллаж байгааг сайшааж, цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллана. Монгол-Энэтхэгийн стратегийн түншлэлийг эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдзүүлэх үүднээс хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагааг дэмжихээр ярилцлаа” гэсэн мэдээллийг өглөө.

 

Мөн Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монголын сэтгүүлчдийг сургахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Жил бүр Монголын 10 сэтгүүлчийг Энэтхэг улстай танилцах хөтөлбөр зохион байгуулж, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаар боллоо.

 

Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж “Энэ удаагийн миний айлчлал 42 жилийн дараа Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Монгол ирсэн айлчлал юм. Монгол Улс нь  Энэтхэгийн стратегийн түнш бөгөөд оюун санааны хөрш орон. 

 

Дипломат харилцаа тогтоосноос хойших 60 гаруй жилийн хугацаанд хоёр оны түншлэл улам бэхжиж ирсэн. Энэ түншлэл харилцан хүндэтгэл, итгэлцэл дээр суурилсан байдаг” гэдгийг онцлов.

 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин