Э.Цэндбаатар дэвжээндээ эргэн ирлээ
2018-05-01

 

 

“Хандгайт” цогцолборт бэлтгэл хийж байсан боксын үндэсний шигшээ багийн тамирчин зодооны хэрэгт холбогдон, автомашинд мөргүүлэн гэмтсэн хэрэг өнгөрөгч 2017 оны гуравдугаар сарын 18-нд гарсан.

 

“Хандгайт” цогцолборт бэлтгэл сургуулилт хийж байсан боксын  ОУХМ Э.Цэндбаатар бэлтгэлийн байрнаасаа оргож, шигшээ багийн боксчин Х.Энх-Амарын машинаар “Улаанбаатар палас”-ын ойролцоох цэнгээний газарт ирсэн. Тус цэнгээний газарт үл таних залуустай маргалдсан ч “Хүн андуураад байна” хэмээн тайлбарлаж тэднээс зугтсан боловч “Тоёото Приус” маркийн автомашинаар мөргөж гэмтээсэн тухай Гавьяат дасгалжуулагч, улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн хэвлэлд ярилцлага өгсөн.

 

Энэ хэргээс үүдэн Боксын үндэсний шигшээ багийнхан хуралдаж, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг зургаан (гуравдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20 хүртэл) сарын хугацаагаар шигшээ багаасаа хасаж, тэмцээнд оролцох эрхийг нь түдгэлзүүлж байв.

 

Шийтгүүлсэн зургаан сарын хугацаа дуусч, буруу бүхний учир олдож ОУХМ Э.Цэндбаатар их спортдоо эргэн иржээ. Тэрбээр Казахстаны Атырау хотод дөрөвдүгээр сарын 25-нд эхэлсэн боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдөж, хүрэл медаль хүртлээ.

 

 

ОУХМ Э.Цэндбаатар өсөж яваа ирээдүйтэй тамирчин. Тэрбээр “Рио 2016” олимпийн наадамд оролцож шагналт тавдугаар байранд шалгарсан. Медаль хүртэж чадаагүй дээ “шатаж” монголчуудын итгэлийг нь алдчихлаа гээд камерийн өмнө уйлж зогссоныг нь та бид мэднэ.

 

Одоо түүнийг “Токио-2020” олимп хүлээж байгаа. Түүнд амжилт хүсье.

 

Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц "Токио-2020" олимпийн наадамд амжилт үзүүлэх боломжтой залуу тамирчдаа бодлогоор дэмжин Казахстанд хамтарсан бэлтгэл сургуулилт хийхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Архи,худлаа баавар 2оо багасагаад бэлтгэлээ сайн хийгээрэй
2018-05-01
бокст дэвжээ гэж байдаггүй юм. рингэндээ эргэн ирлээ гэвэл дээр байх. Тэгээд ч Цэндбаатар эргэн ирээд 2,3 тэмцээнд ороод байгаа шүү дээ.
2018-05-01