Улаанбаатар
ФОТО: Майдар эргэх ёслол боллоо
5-3
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдээс өнөөдөр Майдар эргэх ёслол хийлээ. Жил бүрийн хаврын адаг сард болдог энэ ёслол нь Майдар бурханы залран ирэх цагийг наашлуулах бэлгэдэлтэй юм.

 

Майдар эргэх ёслолын тухай

 

Майдар бурхан нь Буддагийн ирээдүйн дүр бөгөөд энэ орчлонд Буддагийн үе дуусмагц Майдар бурханы үе эхэлнэ хэмээн үздэг. Майдар эргэх ёслол гэдэг нь Майдар бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлгэдэн ач ивээлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл юм.



Энэ ёслолд хоёр долоо хоног орчим бэлддэг. Хоёр дугуйтай тэргэнд Майдар шүтээнээ залан хийд тойрон гороо хийхэд бэлэн болгодог. Шүтээний өндөр нь газраас найман тохойноос багагүй байх ёстой. Тэргэнд мод цаасаар хийсэн ногоон өнгийн морь, зааныг хөллөж, нуруунд нь чандмань эрдэнийн дүрсийг зална.
 


Майдар эргэх өглөө, лам нар ердийнхөөрөө хурлаа эхэлж, хурлын дараа хийдийн хамба лам хоёр гурван ширээт ламын хамт Майдар бурханы алтадсан хөргийг дуганаас гаргаж, бусад лам нар Майдар бурхны таван аймаг номыг авч ирж бурхны өмнө зална. Дараалах лам нар хүж арц асаан, төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тахил, таван хүсэл зэргийг тэргэнд залсан Майдар бурхны өмнө өргөнө. Үүгээр Майдар эргэх ёслол эхэлнэ.



Зэрэг дэвээрээ жагссан лам нар хос хосоороо лавай, цан, хэнгэрэг, бишгүүр, ганлин бүрээ, үхэр бүрээ зэргийг дуугарган явна. Мөн нэг лам хонх дуугаргаж, өөр нэг лам Майдар бурхны шар шүхрийг тус тус барин цувран явна. Түүний араас Майдар бурхны тэрэг дагалдан явах ба хорь орчим лам морины цулбуур, тэргэнд уясан татлага оосрыг мөрөндөө эгэлдэргэлэн тэргийг чирдэг. Тэрэгний араас хоёр бүрээч лам, бусад лам нар дагалдан явна. 



Майдар бурхан тэргийг баруун тийш нар зөв эргүүлэн хөгжмийн зөөлөн аянд хийдээ тойрч хөдөлнө. Хөдөлгөөн нь удаан, зааны явдал шиг байх ёстой. Тийнхүү явсаар хийдийн хойд хаалган дээр ирэхэд лам нар хангай дэлхийд ном уншиж, балин өргөнө. Дараа нь түр завсарласны дараа лам нар Майдарын тэргэн дээр эргэн цугларч аз жаргал, ариун ёсны ерөөл номыг хурна. Хурал өндөрлөхөд тэргийг дахин хөдөлгөж, хийдийн зүүн хаалганы дэргэд ирж, шүтээнээ өмнө зүг хандуулан Майдарын таван номыг хурдаг. Дараа нь цуваа тэндээс хөдөлж хийдийн гол хаалгаар орж гол сүмийн үүдэнд ирнэ. Энд Майдарын ерөөл хурж, үүгээр Майдар эргэх ёслол өндөрлөдөг. Шүтээнээ тэргэнээс авч гол сүмдээ залах ба бусад хэрэглэсэн зүйлсийг байр байранд нь буцаан тавина.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zalrah tsag ni her naashilsan be.maidar guai margaash ireh ni uu?
2018-05-04
varane:
Овоо тахиад мундаг лам нар тодороод л майдар эргээд л байхад МОНГОЛ маань дээшээ хөгжихгүй улам доошоо яваад байх юм. Би исүсчин биш шүү.
2018-05-04
zochin:
estoi estoi